БНСУ-ын нэрт дуучин, “MAMAMOO” хамтлагийн гишүүн Хваса буюу Ан Хе Жин ирэх сарын 7-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах “K-Pop Masterz” тоглолтод оролцохоор Монголд дахин хүрэлцэн ирэх гэж байна. Тэрбээр энэ удаа Монголын үзэгчидтэй гурав дахь удаагаа уулзах бөгөөд өөрийн өвөрмөц хоолой, тайзны эрч хүчтэй үзүүлбэр, зоримог уран бүтээлээрээ үзэгчдэд дахин бэлэг барих нь ээ.

Хваса 2015 онд “MAMAMOO” хамтлагийн гишүүдийн хамт Монголд анх ирж байсан бол 2025 оны хоёрдугаар сард “Степп Арена”-д болсон “Rosedust” хамтарсан тоглолтод оролцсон билээ. Тухайн үед тэрбээр “Maria”, “Good Goodbye” зэрэг уран бүтээлээрээ Монголын үзэгчидтэй уулзсан юм.

Хваса 2014 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлж, “MAMAMOO” хамтлагийн “Mr. Ambiguous”, “Um Oh Ah Yeh”, “Décalcomanie”, “Yes I Am” зэрэг хит дуугаар Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцөд өөрийн байр сууриа бэхжүүлсэн. Улмаар 2019 онд “Twit” синглээ гаргаснаар бие даасан уран бүтээлийн замналаа эхлүүлж, уг бүтээл нь Өмнөд Солонгосын Circle Digital Chart-ыг тэргүүлэн, түүний соло карьерын анхны томоохон амжилтуудын нэг болсон аж.

Үүний дараа 2020 онд анхны мини цомог болох “Maria”-гаа гаргаж, ижил нэртэй гол дуугаараа олон улсын сонсогчдын анхаарлыг татсан билээ. “Maria” дуу нь бусдын шүүмжлэл, цахим орчны сөрөг хандлагатай нүүр тулсан ч өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийн үнэ цэнийг ойлгох тухай санааг хөндсөнөөрөө онцлогтой.

Хвасагийн уран бүтээлийн гол онцлог нь зөвхөн хайр дурлалын сэдвээр хязгаарлагдахгүй, хувь хүний мэдрэмж, амьдралын туршлага, нийгмийн хүлээлт, өөрийгөө хүлээн зөвшөөрөх асуудлыг зоригтойгоор хөнддөг. Тэрбээр уран бүтээлээрээ дамжуулан бусдын тогтоосон хэвшмэл ойлголтод баригдалгүй, өөрийнхөөрөө байх үзэл санааг илэрхийлсээр ирсэн билээ.

Тухайлбал, 2023 онд гаргасан “I Love My Body” синглээрээ хүнийг гадаад төрх, бие галбираар нь шүүмжилдэг хандлагыг эсэргүүцэж, өөрийн бие махбодыг хайрлан хүлээн зөвшөөрөхийн чухлыг илэрхийлжээ. Харин “Chili” зэрэг бүтээл нь түүний өвөрмөц хөгжмийн мэдрэмж, өөртөө итгэлтэй дүр төрх, тайзны онцгой хэв маягийг улам тодотгосон байна.

Хваса зөвхөн хүчирхэг хоолой, өвөрмөц хөгжмийн хэв маягаараа бус, тайзан дээрх өөртөө итгэлтэй байдал, уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн хэвшмэл ойлголтыг сорьдгоороо K-pop ертөнцөд онцгой байр суурь эзэлдэг. Түүний дуу хөгжимд шингэсэн өөрийгөө хүлээн зөвшөөрөх, бусдын шүүмжлэлээс үл хамааран өөрийнхөөрөө байх үзэл санаа нь олон сонсогчдод хүрч, уран бүтээлийнх нь нэгэн чухал онцлог болжээ.