"Cruel Intentions", "Legally Blonde" киноны жүжигчин Сельма Блэр “Delta Air Lines” компанийн онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн хоёр гишүүнд халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байгаа аж. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Хэрэг аравдугаар сарын 11-ний орой Лос-Анжелесээс Нью-Йорк хотыг чиглэн нисэж байсан онгоцонд гарсан байна. Нью-Йорк, Нью-Жерси мужийн боомтын захиргааны цагдаагийн газрын мэдээлснээр, онгоц Нью-Йоркийн Жон Ф. Кеннедигийн олон улсын нисэх буудалд газардсаны дараа цагдаа нар дуудлагын дагуу очиж, Блэрийг саатуулжээ. Нислэгийн багийн хоёр гишүүн гэмтэл авсан бөгөөд тэдний нэгийг эмнэлэгт хүргэсэн байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, Блэр нэг үйлчлэгчийг цохиж, нөгөөг нь хазсан гэх бөгөөд нислэгийн үеэр онгоцны хаалгыг нээхийг оролдсон байж болзошгүй байгаа ажээ.
Онгоц газардсаны дараа дахин хэрэгт холбогджээ
Блэрийг нисэх буудалд саатуулсны дараа эмнэлэгт хүргэсэн байна. Гэвч эмнэлэг рүү тээвэрлэх явцдаа цагдаагийн алба хаагч, улмаар эмнэлгийн сувилагчид халдсан гэх хоёр хэрэгт түүнийг мөн буруутгажээ.
Нью-Йоркийн Куинс дүүргийн прокурорын газраас түүнд хоёрдугаар зэргийн халдлага үйлдсэн гэх хоёр зүйл ангиар ял тулгасан байна. Блэр аравдугаар сарын 12-нд шүүх хуралд оролцохдоо өөрт нь тулгасан ялыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд барьцаа төлсний дараа суллагджээ. Харин нислэгийн үеэр болсон хэрэг тусдаа шалгагдаж байгаа аж.
Жүжигчний төлөөлөгч: Эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай болсон
Блэрийн төлөөлөгчийн мэдээлснээр, жүжигчин нислэгийн үеэр эмнэлгийн яаралтай тусламж шаардсан нөхцөл байдалд орсон байна. Түүний төлөөлөгч “Сельма эмнэлгийн яаралтай тусламж шаардсан нөхцөл байдалд орсны улмаас дээрх хэрэг явдал болсон. Онгоц газардсаны дараа түүнд нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтвортой байна” гэж мэдэгджээ.
“Delta Air Lines” компанийн төлөөлөгч зорчигчид болон нислэгийн багийн гишүүдийн аюулгүй байдал нэн тэргүүний асуудал бөгөөд зүй бус, хууль бус үйлдлийг үл тэвчих бодлого баримталдгаа мэдэгдсэн байна.
Сельма Блэр өмнө нь ч нислэгийн үеэр хэрэгт холбогдож байжээ
Сельма Блэр 2018 онд олон голомтот хатуурал буюу multiple sclerosis (MS) өвчтэй гэдгээ олон нийтэд зарласан аж. Тэрбээр 2016 онд Мексикийн Канкун хотоос Лос-Анжелес руу нисэж явахдаа биеэ хянах чадвараа алдсан гэх хэрэгт холбогдож байжээ.
Тухайн үед жүжигчин согтууруулах ундааг эмтэй хольж хэрэглэсний улмаас ухаан санаагаа хянах чадваргүй болж, харамсалтай үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрөн уучлал хүсэж байжээ.
Одоогийн хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах болон шүүхийн ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж: REUTERS, ABC NEWS, GUARDIEN, LAT