Шведийн Хааны Шинжлэх ухааны академи 2026 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлалаа. Энэ удаагийн шагналыг АНУ-ын эрдэмтэн Роберт Холл, Майкл Вудфорд нар макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын микро эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан судалгааныхаа төлөө хүртжээ.

Холл, Вудфорд нарын загварыг дэлхийн төв банкууд ашигладаг

Стэнфордын их сургуулийн профессор Роберт Холл болон Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн профессор Майкл Вудфорд нарын судалгаа нь мөнгөний бодлого, төсөв, татварын бодлого эдийн засгийн хэлбэлзлийг хэрхэн зөөлрүүлж болохыг тайлбарладгаараа онцлог аж.

Нобелийн шагналын хороо тэдний ажлыг тайлбарлахдаа “Тэд эдийн засгийг тогтворжуулах бодлогыг шинэчлэн боловсруулахын тулд эдийн засгийн загваруудыг хэрхэн өөрчилж болохыг харуулсан. 

Ингэхдээ инфляц, үйлдвэрлэл, хэрэглээ зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын статистик хамааралд тулгуурлахын оронд загваруудаа микро эдийн засгийн суурьтайгаар байгуулахаар шийдсэн” гэжээ.

АНУ-ын эдийн засагчдын энэхүү аргачлал нь өрх, аж ахуйн нэгж бүрийн гаргаж буй шийдвэрүүдийн нийлбэр эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг ойлгоход чиглэдэг байна.

Холл, Вудфорд нарын боловсруулсан загварууд нь эдийн засгийг тогтворжуулах бодлого бизнесийн мөчлөгт хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлаж, уг нөлөөллийг тоон үзүүлэлтээр үнэлэх боломж олгодог. Эдгээр загварыг дэлхийн улс орнуудын төв банк, сангийн яамд ашигладаг ажээ.

Өмнөх жилүүдийн эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд

2025 он. АНУ, Франц, Канадын эрдэмтэд Жоэл Мокир, Филипп Агьон, Питер Ховитт нар инновацид суурилсан эдийн засгийн өсөлтийг тайлбарласан судалгааныхаа төлөө шагнал хүртсэн. 

Шагналын талыг Жоэл Мокир технологийн дэвшлээр дамжуулан тогтвортой өсөлтийг бий болгох урьдчилсан нөхцөлийг тодорхойлсон судалгааныхаа төлөө, үлдсэн талыг Филипп Агьон, Питер Ховитт нар бүтээлч сүйрлээр дамжин тогтвортой өсөлт бий болох онолынхоо төлөө хамтран хүртжээ.

2024 он. АНУ-ын эрдэмтэд Дарон Ажемоглу, Саймон Жонсон, Жеймс Робинсон нар институц хэрхэн бүрэлдэж, улс орны хөгжил цэцэглэлтэд нөлөөлдгийг судалсан бүтээлээрээ шагнуулсан. 

Ажемоглу, Робинсон нар мөн “Улс орнууд яагаад баян, яагаад ядуу байдаг вэ?” (Why Nations Fail: The Origins of Power, Prosperity and Poverty) номын хамтран зохиогчид юм.

2023 он. АНУ-ын эдийн засагч Клаудиа Голдин хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн байр суурь, хүйсийн ялгаатай байдлын шалтгааныг судалсан бүтээлээрээ шагнал хүртжээ. 

Тэрбээр жирэмслэлтээс хамгаалах эмийн хүртээмж нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн ажил мэргэжлийн боломжийг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг мөн харуулсан байна.

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын тухай

Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу анхны таван төрлийн Нобелийн шагналыг 1901 оноос гардуулж эхэлсэн. Харин Шведийн Төв банкны санаачилгаар 1969 оноос Альфред Нобелийн дурсгалд зориулсан эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг олгож эхэлжээ. Үүнийг олон нийтэд эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хэмээн нэрлэдэг.

Энх тайвны Нобелийн шагналыг Норвегийн нийслэл Осло хотод, бусад шагналыг Шведийн нийслэл Стокхольм хотод гардуулдаг байна.

Эх сурвалж: DW