Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эмэгтэй парламентчдын форумын талаар "Өнөөдөр Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийж, дэлхийн улс орнуудын парламентын төлөөлөгчид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшинд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх асуудлаар санал бодол, туршлагаа солилцож байна.
Эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоо бол ардчиллын үнэт зүйл, нийгмийн хөгжил дэвшлийн чухал үндэс юм. Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь эхний алхам. Харин тэдний үзэл бодол, санал санаачилга хууль тогтоомж, төрийн бодлого, улс орны хөгжлийн чиг хандлагад бодитоор тусах нь жинхэнэ ахиц дэвшил билээ.
Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гаргаж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд түүхэндээ хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсон. Гэхдээ энэхүү амжилтаараа зогсох бус, ололтоо бататгаж, эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар, манлайллыг улс орны хөгжилд бүрэн дүүрэн дайчлах нь бидний цаашдын зорилго билээ.
Энэхүү форум улс орнууд харилцан туршлагаа хуваалцах, парламент хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, эрх тэгш оролцоо, хүртээмжтэй хөгжлийн төлөөх нийтлэг зорилгоо урагшлуулах чухал боломж болж байна.
Монгол Улс энх тайван, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо хүрээнд дэлхий нийтээрээ эрх тэгш, тогтвортой, хүртээмжтэй ирээдүйг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулсаар байх болно.
Эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсохоос эхэлсэн өөрчлөлт тэдний оролцоо, манлайллаар дамжин бодит үр дүнд хүрнэ. Харин хамтын хүч, харилцан дэмжлэг тэрхүү өөрчлөлтийг улам бататгана" гэж мэдээллээ.