Зүүн Берлиний нэгэн гэр бүл яагаад талх нөөцөлсөн бэ?
1990 оны зургадугаар сарын 26-нд Зүүн Берлинд эхнэр, бяцхан охиныхоо хамт амьдардаг оюутан Михаэль Хагедорн (Michael Hagedorn) Аугустын гудамж (Auguststraße) болон Тухольскийн гудамж (Tucholskystraße)-ны буланд байрлах дэлгүүрээс хөх тариа, улаан буудайн холимог гурилаар хийсэн нэг талх худалдан авчээ.
Тэр өдөр эхнэр, нөхөр хоёр урьдын адил нэг талх авахын оронд хоёр талх авахаар шийдсэн байна. Хоёр дахь талхаа тэд болзошгүй эрсдэлээс сэргийлэн хөлдөөгчид хийжээ.
Тухайн үед Баруун Герман буюу Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ), Зүүн Герман буюу Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс (БНАГУ) хоёрын хооронд байгуулсан мөнгөний, эдийн засгийн болон нийгмийн холбооны тухай гэрээ хүчин төгөлдөр болоход ердөө тавхан хоног үлдээд байжээ.
Шинэчлэлүүд хэрхэн өрнөхийг хэн ч мэдэхгүй байсан тул Хагедорны гэр бүл хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, дэлгүүрүүдийн өмнө урт дараалал үүсэх вий хэмээн болгоомжилсон байна.
Энгийн нэг талх хэрхэн музейн үзмэр болсон бэ?
Гэвч нөөцөлсөн талхыг хэрэглэх шаардлага огт гараагүй аж. Тэрхүү талх 1990-ээд оныг, шинэ мянганы эхлэлийг даван туулж, гэр бүл хэд хэдэн удаа нүүсэн ч хадгалагдан үлджээ.
Хагедорны гэр бүлийнхэн "Цаг хугацаа өнгөрөх тусам талх хэтэрхий хуучирч, ер бусын зүйл болсон тул зүгээр л хаячихаж болоогүй" гэж ярьсан байна. Ийнхүү өдөр тутмын энгийн хүнсний бүтээгдэхүүн өөрийн эрхгүй тухайн цаг үеийн гэрч болон хувирчээ.
Германы музейн захирал Роберт Рюккель (Robert Rückel) энэ талаар "Энэ талх анхнаасаа музейн үзмэр болгох зорилгоор хадгалагдаагүй гэдгээрээ үнэхээр гайхалтай үзмэр юм. Энэ нь их улс төрийн тухай биш, харин асар их тодорхойгүй байдлын үед гаргасан өдөр тутмын энгийн нэг шийдвэрийн тухай өгүүлдэг.
Яг ийм ахуй амьдралын жижиг түүхүүд л түүхэн томоохон өөрчлөлтүүд ямар өргөн хүрээтэй байсныг нүдэнд харагдтал ойлгоход тусалдаг" хэмээн онцолжээ.
Михаэль Хагедорн 36 жилийн дараа уг талхаа музейд хүлээлгэн өгсөн байна. Түүний хэлснээр, одоо уг талхыг олон нийт үзэж, сонирхох боломжтой болсонд түүний сэтгэл амарч, баяртай байгаа аж.
Энэхүү ер бусын үзмэрийг хадгалж, олон нийтэд үзүүлэхийн тулд тусгай хөлдөөгч хүртэл хийжээ. Талхыг цаашид байнга хөлдүү байдалд нь хадгалж, үзэсгэлэнд дэлгэн харуулах юм байна.
Аравдугаар сарын 1-нээс эхлэн "БНАГУ-ын сүүлчийн талх" хэмээн нэрлэсэн уг үзмэрийг Герман улсын хуваагдлын түүхэнд зориулсан музейн танхимаас үзэх боломжтой болжээ.