Хурдан удмын адууны үнэ цэн, удам угшил, уяачдын олон жилийн хөдөлмөрийг илтгэсэн “Шилмэл адууны дуудлага худалдаа-2026” аравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын “Чингис хааны хүрээ” цогцолборт зохион байгуулагдаж, шилмэл адуунууд өндөр үнийн саналтайгаар худалдаалагдав.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос зохион байгуулсан тус дуудлага худалдаа нь хурдан удмын адууны чанар, удам угшлыг сурталчлах, шилмэл адууны үржүүлгийг дэмжих, уяач, үржүүлэгчдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн, Монгол адууны үнэ цэнийг олон нийтэд таниулах зорилготой ажээ.

Энэ удаагийн дуудлага худалдаа уралдаануудад амжилт үзүүлсэн хурдан хүлгүүдээс гадна ирээдүйн хурдан адууны удмыг залгамжлах үржлийн гүү, байдас, сарваанууд оролцсоноороо онцлог болов.

Сартай зээрд даага 170 сая төгрөгийн үнэ хүрэв

“Шилмэл адууны дуудлага худалдаа-2026”-гийн онцлох борлуулалтын нэг нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Дамдинсүрэнгийн Ариуннарангийн Магнай хээр азарганы төл "Хөвчтэй саран дэвсгэртэй арга билгийн загасан" тамгатай унаган Зээрд даага 60 саяас ийн 170 сая хүрч, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат М.Цагаанбаатар авчээ.

May be an image of horse and text

Хурдан удмын адууны үнэ цэнийг илтгэсэн энэхүү борлуулалт нь дуудлага худалдаанд оролцогчдын анхаарлыг татаж, шилмэл адууны зах зээл дэх эрэлт, өрсөлдөөнийг харуулсан үйл явдлын нэг болов.

Халтар байдас 89 сая, буурал гүү 115 сая төгрөгөөр борлуулагдлаа

Дуудлага худалдаагаар Сосорын Мөнхбатын халтар байдас 89 сая төгрөгийн үнээр борлуулагдаж, худалдан авагчаар Батсайханы Соёлбат тодорчээ.

Тус байдас нь “Цэнхэр кап” уралдаанд түрүүлж, “Ирээдүйн түмэн эх” уралдаанд айрагдсан амжилттай аж.
Мөн Чулуунбатын Цэрэндашийн буурал гүүг 88 сая төгрөгөөс дуудаж, улмаар 115 сая төгрөгөөр Ховд аймгийн анхны эмэгтэй аймгийн алдарт уяач Жамбалын Сарангэрэл худалдан авчээ.

May be an image of one or more people and Bactrian camel

Эдгээр борлуулалт нь зөвхөн адууны хурд, уралдааны амжилтаас гадна үржлийн чанар, удам угшил, цаашдын үр төлөөр дамжин бий болох үнэ цэнийг худалдан авагчид чухалчилж байгааг харуулж байна.

Бор халзан байдас 25 сая төгрөгөөр зарагдав

Мөн Лхагвын Даваанямын бор халзан байдасыг Дамдинсүрэнгийн Ариуннаран 25 сая төгрөгөөр худалдан авсан байна. Ийнхүү хурдан удмын адуу, үржлийн чиглэлийн адуунуудыг худалдан авах сонирхол өндөр байгаагийн зэрэгцээ шилмэл адууны зах зээлд худалдагч, худалдан авагчдын идэвхтэй оролцоо ажиглагдаж байна.

Үүний зэрэгцээ Цагаанбандийн Буянбаатарын "Тод хүрэн" азарганы төл хүрэн сарваа эхтэйгээ 20 саяд зарагдлаа.

May be an image of horse

Чулуунбатын Цэрэндашийн буурал гүү 88 саяас дуудагдаж 115 саяар Ховд аймгийн анхны эмэгтэй ААУ Жамбалын Сарангэрэл авлаа.

May be an image of horse

МУАУ Бүтийн Батсайханы "Гилжгий" дуудлагатай азарганы төл байдас 50 саяас дуудагдаж 80 саяд зарагдлаа.

May be an image of horse and text

Үржлийн сарваа, сарваатай гүүнүүд дуудлага худалдаанд оролцов

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос дуудлага худалдаанд оролцох адуунд тодорхой шалгуур тавьжээ.

Уралдааны амжилттай адууны хувьд Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан улсын зэрэглэлтэй бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан, мөн зарим тохиолдолд зургаагаас аравдугаар байрт хурдалсан байх шаардлага тавьсан байна.

Аймгийн наадам болон аймгийн зэрэглэлтэй бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан адууг мөн хамруулах боломжтой байжээ.

May be an image of horse

Харин үржлийн гүү, байдас, сарвааны хувьд өөрийнх нь төл, эх нэгтэй ах, дүү болон эцэг, эхийн угшил, уралдааны амжилтыг харгалзан үзсэн байна. Үржлийн байдасны шалгуурт “Ирээдүйн түмэн эх”, “Баруунхараа кап”, “Эфэс кап” уралдааны амжилтыг мөн тусгажээ.

Дуудлага худалдаанд оролцож буй сарваа, сарваатай гүүнүүдийн жагсаалтад Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Архангай, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн адуу, үржүүлэгчид багтсан байна. Энэ нь хурдан удмын адууны үржүүлэг орон нутгуудад өргөн хүрээнд хөгжиж буйг харуулж байна.

Адууны эрүүл мэнд, өмчлөлд тавьсан шаардлага

Зохион байгуулагчдын мэдээлэлд дурдсанаар, дуудлага худалдаанд оролцох адуу нь хууль ёсны өмчлөлтэй байх бөгөөд худалдагч өөрөө эсвэл хуульд нийцсэн итгэмжлэл бүхий төлөөлөгч оролцох ёстой.

Түүнчлэн адуунд мал эмнэлгийн халдварт өвчин болон биохимийн шинжилгээ хийлгэсэн байх, халдварт өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт, шинжилгээний дүн, тээвэрлэлтийн талаар шаардлагатай мэдээллийг худалдан авагчид танилцуулах нөхцөл тавьжээ.

Мал эмнэлгийн баримтгүй, хуульд заасан шаардлага хангаагүй адууг дуудлага худалдаанд оролцуулахгүй байхаар зохицуулсан байна.

May be an image of horse and text

Худалдан авагч дуудлага худалдааны 300 мянган төгрөгийн хураамж төлж бүртгүүлэх бөгөөд худалдаанд оролцох адууны бүртгэлийг урьдчилан авч, зохион байгуулах ажлын хэсэг оролцох эрх олгох журамтай байжээ.

Монгол адууны үнэ цэнийг таниулах арга хэмжээ

“Шилмэл адууны дуудлага худалдаа-2026” нь хурдан удмын адууны уралдааны амжилтыг үнэлэхийн зэрэгцээ үржлийн адууны чанар, удам угшлыг зах зээлтэй холбож буйгаараа ач холбогдолтой аж.

Сартай зээрд даага 170 сая, Чулуунбатын Цэрэндашийн буурал гүү 115 сая, Сосорын Мөнхбатын халтар байдас 89 сая төгрөгийн үнэд хүрсэн нь энэ удаагийн худалдааны анхаарал татсан борлуулалтууд болж байна.

May be an image of horse

Монгол адууны хурд, удам угшил, үржлийн чанарыг эрхэмлэн, олон жилийн хөдөлмөрөөрөө шилмэл хүлэг бий болгож буй уяач, үржүүлэгчдийн хувьд ийм төрлийн арга хэмжээ нь адууны үнэ цэнийг таниулах, үржүүлгийн ажлыг дэмжих, шинэ худалдан авагчидтай холбогдох боломжийг бүрдүүлж буй юм.

С.МАНДАХ