“Хууль ёсоор шаргал үст” (Legally Blonde) киногоороо танигдсан жүжигчин Селма Блэр олон склероз өвчний улмаас аялж явахдаа тулгардаг бэрхшээл, хүмүүсийн буруу ойлголтын талаар нээлттэй ярьжээ.
Тэрбээр Travel + Leisure сэтгүүлийн ерөнхий редактор Жаки Гиффордтой ярилцахдаа өөрт нь булчингийн тонус, хөдөлгөөний хяналтад нөлөөлдөг дистони хэмээх эмгэг илэрдэг бөгөөд хүмүүс үүнийг ааш муутай байх, эсвэл согтуурсантай андуурах нь олонтаа болохыг хэлсэн байна.
Өдгөө 53 настай жүжигчин “Надад дистони байдаг. Үүнийг хүмүүс ихэвчлэн ааш муутай, эсвэл согтуу байгаатай андуурдаг” хэмээн ярьжээ. Тэрбээр үүний дараа “Гэхдээ би үнэхээр тийм байж ч болно шүү дээ” хэмээн хошигноход танхимд байсан хүмүүс инээлдсэн байна.
Энэхүү ярилцлагыг Нью-Йорк хотод 2025 оны долдугаар сарын 15, 16-нд болсон Travel + Leisure сэтгүүлийн “World’s Best Summit” арга хэмжээний үеэр хийжээ. Тус арга хэмжээгээр аялал жуулчлалын салбарын чиг хандлага, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй аялал зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн байна.
“Аялал миний амьдралын хамгийн гэгээлэг хэсэг байсан”
Селма Блэр 2018 онд олон склероз буюу төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг аутоиммун өвчний оноштой болохоо олон нийтэд мэдэгджээ. Тэрбээр 2021 оноос өвчин нь намжмал байдалд орсон ч шинж тэмдгүүд нь урьдчилан таамаглахад бэрх хэвээр байгаа талаар ярьсан байна.
Тэрбээр “Биеийнхээ хөдөлгөөнд илүү их анхаарал төвлөрүүлэх шаардлагатай үед булчин чангарч, дистони илэрч эхэлдэг. Тиймээс аялал миний амьдралын хамгийн гэгээлэг зүйлсийн нэг байсан ч би аялахдаа үргэлж бага зэрэг түгшдэг байлаа” хэмээн хэлсэн байна.
Жүжигчин 2023 онд British Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа олон склерозтойгоо мэдэхээсээ өмнө 40 орчим жилийн турш өвчний шинж тэмдэгтэй амьдарч ирснээ хуваалцаж байжээ. Түүний хэлснээр, сэтгэл санаагаар хямрах, стресстэх үед биеийнх нь шинж тэмдэг сэдрэх хандлагатай байдаг аж.
Тэрбээр “Олон склероз гэдэг үнэхээр хачирхалтай өвчин. Бид үүнийг зохиож яриагүй шүү дээ. Мэдээж, заримдаа үнэхээр тааруухан оройн зоог барьсан үеийг эс тооцвол” хэмээн хошигносон байна. Мөн заримдаа барилгын шат, хийцийн доогуур явах үед яриа, хөдөлгөөн нь өөрчлөгдөж, тархины саажилттай мэт харагддаг учраас нисэх буудал түүнд ихээхэн стресс төрүүлдэг талаар ярьжээ.
Нисэх буудалд хүмүүс түүний нөхцөл байдлыг ойлгодоггүй
Блэр аялалд гарахдаа аль болох цөөн ачаа авч, нэг чемодан болон туслах нохой Скаутын хамт явдаг байна. Тэрбээр 2022 онд мэдрэлийн эмчийн зөвлөсний дагуу Скаутыг авч, бие махбодын болон сэтгэл санаагаа дэмжих болжээ.
Гэвч нисэх буудалд түүний нөхцөл байдлыг ойлгохгүй байх тохиолдол гардаг аж. Заримдаа хараа нь муудах, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг ч ажилтнууд түүнийг хөгжлийн бэрхшээлтэйг анзаарахгүй өнгөрдөг байна.
Жүжигчин “Нисэх буудалд хүмүүс буруу ойлголцох, уйлах тохиолдол олон. Бүх зүйл хэвийн болсон ч ийм зүйл тохиолдож болно. Хүмүүс ‘Би чамайг саяхан энэ хаалга руу алхаж очихыг харсан. Одоо яагаад ярьж чадахгүй байгаа юм бэ?’ гэж асуудаг. Би тэдэнд ‘Энэ бол дүр эсгэж байгаа хэрэг биш’ гэж хэлдэг. Харин намайг ярьж эхлэхээр ‘Цагдаа дуудах хэрэгтэй юу?’ гэж асуудаг” хэмээн ярьжээ.
Түүний энэ яриа гаднаас харахад илт мэдэгдэхгүй хөгжлийн бэрхшээл, архаг өвчний шинж тэмдгийг бусад хүн тэр бүр ойлгодоггүйг харуулсан байна.
Хүүтэйгээ хамт дэлхийгээр аялах дуртай
Аялалд хүндрэл тулгардаг ч Селма Блэр шинэ газар орон үзэж, өөр өөр хоол амтлах дуртай хэвээрээ аж. Тэрбээр бага насандаа аялал амьдралынх нь хөгжил, төлөвшилд чухал нөлөө үзүүлсэн гэж ярьсан бөгөөд одоо 13 настай хүү Артуртаа дэлхийн олон орныг танилцуулахыг хүсдэг байна.
Блэр “Артур зочид буудлуудад өссөн гэж хэлж болно. Бид түүнийг ‘Шато зочид буудлын ханхүү’ гэж хочилдог. Аяллын ачаар тэр хэнтэй ч чөлөөтэй ярилцаж чаддаг болсон. Энэ бол үнэхээр сайхан зүйл” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: PEOPLE