УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр (2026.10.09)-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын дарга С.Бямбацогт уг хуулийн төсөлд анхаарах хэд хэдэн асуудал байгааг тэмдэглэлээ.

Тэрбээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь төрийн үндсэн үүрэг болохыг дурдаад, хуулийн төсөлд тусгасан зарим зохицуулалт иргэдийн эрх ашгаас илүүтэй шүүхийн үйл ажиллагааг хялбаршуулах, өндөр хүүтэй зээл олгодог санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг ашигтай болгоход чиглэсэн шинжтэй байгааг шүүмжилсэн юм.

С.Бямбацогт “Иргэд орлогоосоо давсан зардлаа нөхөхийн тулд зээл авдаг. Монголбанк арилжааны банкуудын зээлд тодорхой шалгуур тавьж, Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагуудын хэрэглээний зээлийг хязгаарласан. Гэтэл иргэд өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ хангахын тулд аппликейшнээр дамжуулан зээл авахад хүрч байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Түүний дурдсанаар, арилжааны банкны зээлийн жилийн хүү ойролцоогоор 18 хувь, банк бус санхүүгийн байгууллагынх 45 хувь, харин аппликейшнээр олгодог зээлийнх 50-60 хувьд хүрч байгаа аж. Иргэдэд бага хүүтэй зээл авах боломж хязгаарлагдмал байхад өндөр хүүтэй зээлийг шалгуур багатай, шуурхай олгодог. Харин зээлээ хугацаанд нь төлж чадахгүй тохиолдолд зээлдүүлэгч байгууллагууд олон мянган нэхэмжлэл шүүхэд гаргаж, шүүгчдийн ачааллыг эрс нэмэгдүүлж байгааг тэрбээр онцоллоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ “Иргэдийн эрх ашгийг хамгаалах бус, зөвхөн шүүхийн үйл ажиллагааг хялбаршуулахын төлөө, ямар ч хяналтгүй, замбараагүй өндөр хүүтэй зээл олгосон банк бус санхүүгийн байгууллагуудыг илүү ашигтай ажиллуулахын төлөө ийм хууль оруулж ирж болохгүй” гэв.

Мөн зээл олгож буй байгууллагууд зээлдэгчийн төлбөрийн чадварыг бодитой үнэлэх, зээлийн боловсрол олгох, зээл авсны дараа үүсэж болох эрсдэл, үр дагаврыг урьдчилан ойлгуулах үүрэгтэй байх ёстойг тэмдэглэв. Түүний үзэж буйгаар, зээл олголтод хангалттай хяналт тавилгүйгээр олон мянган зээлийн маргааныг шүүхэд шилжүүлж, улмаар хялбаршуулсан журмаар шуурхай шийдвэрлэх нь зээлдэгчдийн эрх ашгийг хохироох эрсдэлтэй юм.

Түүнчлэн хуулийн төсөлд мэдэгдэх хуудсыг олон нийтэд зарласнаас хойш долоо хоногийн дотор хэрэг шийдвэрлэхээр тусгасан нь иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхааралтай хандах шаардлагатай зохицуулалт болохыг С.Бямбацогт санууллаа. Иймд хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсний дараа ажлын хэсэг иргэдийн эрх ашгийг хамгаалах нэмэлт, өөрчлөлтийг нарийвчлан боловсруулж, тусгах хэрэгтэйг онцолсон юм.

Шүүхийн ачааллыг бууруулах хуулийн төсөлд ямар зохицуулалт тусгав?

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үндсэн зорилго нь иргэний зарим төрлийн хэргийг тусгайлсан журмаар шуурхай шийдвэрлэх, шүүхийн ачааллыг бууруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 8412 нэхэмжлэл шинээр хүлээн авч, 3376 хэргийг шийдвэрлэжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор нэг шүүгчид ногдох хэрэг, нэхэмжлэлийн тоо 2.5 дахин өсөж, дунджаар 1456-д хүрсэн нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон зохист ачааллаас 4.3 дахин их үзүүлэлт болсон байна.

Шүүхийн ачаалал хэт ихэссэнээр иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөх эрсдэл нэмэгдэж байгааг хууль санаачлагчид үндэслэл болгожээ. Иймээс хуулийн төсөлд 15 сая 840 мянган төгрөгөөс доошгүй үнийн дүнтэй хэргийг тусгайлсан журмаар шийдвэрлэх зохицуулалт тусгасан байна.

Мөн шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэхэд жилд 300 орчим сая төгрөг зарцуулдаг ч гардуулалтын 85 хувь нь амжилтгүй болдог гэж үзжээ. Үүнтэй холбогдуулан мэдэгдэх хуудсыг үндэсний цахим шуудангаар илгээх, тухайн этгээд шүүхэд ирээгүй тохиолдолд олон нийтэд нээлттэй зарлаж, мэдэгдсэнд тооцох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Хэрэг, маргааны 80 орчим хувь нь зээлийн гэрээтэй холбоотой байгааг харгалзан зээлдэгчийн баталгаажуулалтыг нэгдсэн журмаар, заавал хийдэг байх үүргийг зээлдэгчид ногдуулах шаардлагатай гэж хууль санаачлагч үзжээ. Түүнчлэн ердийн журмаар шийдвэрлүүлэх ёстой хэргийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан тохиолдолд хэргийг шууд хэрэгсэхгүй болгохгүй байх зохицуулалт оруулахаар тусгасан байна.

Хууль батлагдвал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай болгож, шүүхийн ачааллыг бууруулан, маргааныг үр дүнтэй шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

Харин УИХ-ын дарга С.Бямбацогтын байр сууриас харахад шүүхийн ажиллагааг хурдасгахын зэрэгцээ зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах, зээл олгогч байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх, өндөр хүүтэй зээлийн улмаас үүсэх эрсдэлийг бууруулах асуудлыг хуулийн төсөлд зайлшгүй тусгах шаардлага тулгарч байгаа ажээ.