УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны аравдугаар сарын 8-нд хуралдаж, инфляцын өсөлт, мөнгөний хатуу бодлогын үр нөлөө болон 2027 оны улсын төсөв, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, Үндэсний баялгийн сангийн төсвийн төслүүдийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр зээлийн өндөр хүү, иргэдийн амьжиргаа, төсвийн зарлагын өсөлт, Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалт зэрэг асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв.
Инфляц 13 хувьд хүрчээ: Монголбанк хатуу бодлогоо үргэлжлүүлнэ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 53.1 хувийн ирцтэйгээр 12:21 цагт эхэлсэн бөгөөд хэлэлцэх асуудлын дарааллыг Байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцсэн юм. Тус асуулгаар инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийн шалтгаан, мөнгөний бодлогын хэрэгжилттэй холбоотой нийт найман чиглэлээр мэдээлэл хүсжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт 58 хуудас бүхий албан хариуг танилцуулахдаа, 2026 оны долдугаар сарын байдлаар инфляц 13 хувьд хүрснийг онцоллоо. Түүний тайлбарласнаар, инфляцын өсөлтийн ойролцоогоор 50 хувь нь мах, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой байна. Үүнээс гадна дэлхийн геополитикийн хурцадмал байдал шатахууны үнэд нөлөөлж, үнийн дарамтыг нэмэгдүүлжээ.
Монголбанк нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийг шууд зогсоох боломж хязгаарлагдмал ч инфляц улам нэмэгдэх эрсдэлийг бууруулахын тулд наймдугаар сард бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн хувь хэмжээг чангаруулах арга хэмжээ авсан гэв. Мөн өнөөгийн нөхцөл байдал нь гэнэт бий болсон асуудал бус, сүүлийн 15 жилийн хугацаанд хуримтлагдсан бүтцийн хүндрэлүүдтэй холбоотойг дурдсан байна.

Монголбанк цаашид инфляцыг дунд хугацаанд таван хувийн орчимд тогтворжуулах зорилт тавьж байгаа аж. Намар махны нийлүүлэлт нэмэгдэж, ургац хураалтын үр дүнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт саарах боломжтой ч цалингийн өсөлтөөс үүдэх эрэлтийн дарамт, шатахууны үнийн эрсдэл хэвээр байгааг анхаарууллаа. Иймд инфляц зорилтот түвшинд хүрэх хүртэл мөнгөний хатуу бодлогоо тууштай үргэлжлүүлэх байр суурь илэрхийлэв.
Өндөр хүү бизнесийг боомилж байна уу?
Монголбанкны мөнгөний хатуу бодлого иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлж буй асуудал хуралдааны үеэр анхаарал татсан сэдвүүдийн нэг байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар удаан хугацаанд өндөр хүүтэй мөнгөний бодлого баримталж байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж, зээлийн өртгийг нэмэгдүүлж байгааг шүүмжлэв. Харин УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар иргэдийн бодит амьдралд нийцсэн шийдэл гаргах шаардлагыг хөндсөн юм.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт гишүүдийн асуултад хариулж, иргэд Монголбанкнаас үрлэн алт худалдан авах боломжтой болсон талаар мөн мэдээлжээ.
Харин УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр эдийн засгийн бодлогын уялдааг хангах шаардлагыг онцолж, Засгийн газар иргэдийн орлогыг хамгаалахыг зорьж байхад Монголбанк инфляцтай тэмцэхийн тулд хатуу бодлого хэрэгжүүлж буй нөхцөл байдлыг цогцоор нь хэлэлцэх санал гаргав.
Тэрбээр энэ хүрээнд сонсгол зохион байгуулах санал дэвшүүлсэн бөгөөд Байнгын хорооны дарга Б.Заяабал уг асуудлаар хариу өгөхөө илэрхийлжээ.

2027 оны төсөв: Оюутолгойн ногдол ашиг, төрийн зардал, хүүхдийн хоолыг хөндлөө
Хуралдааны дараагийн хэсэгт Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд төрийн зарлагын өсөлт, төсвийн сахилга бат, иргэдэд очих өгөөж, нийгмийн үйлчилгээний чанар зэрэг олон асуудлыг хөндсөн юм.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал 2027 оноос эхлэхээр яригдаж буй Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 850 гаруй мянган төгрөг ногдохоор байгааг онцолж, уг хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахгүй, төсвийн хүрээнд хасаж танахгүй байх байр суурь илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хүүхдийн хоолны төсөвт анхаарал хандуулж, зардлыг танахдаа хүүхдийн хоолны шим тэжээл, чанарт сөргөөр нөлөөлөхгүй байх шаардлагыг тавилаа.
УИХ-ын гишүүн П.Батчимэг төсвийн сахилга, хариуцлагыг чухалчилсан бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар асуулт тавьжээ.
Сайдуудын ирцгүй хэлэлцүүлэгт шүүмжлэл өрнөв
2027 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр салбарын сайд нар хуралдаанд ирээгүй асуудал мөн шүүмжлэл дагууллаа.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг холбогдох сайд нар оролцоогүй нөхцөлд төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулах шаардлагатай эсэхийг хөндөж, салбар бүрд хэмнэлт хийхийн оронд зардлыг тэлсэн төсөл боловсруулж ирүүлсэнд шүүмжлэлтэй хандав.
Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах асуудлыг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ш.Бямбасүрэн нар мөн хөндсөн юм. Харин УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал төсөв боловсруулахдаа хүний эрхэд суурилсан зарчмыг баримтлах ёстойг санууллаа. Төрийн байгууллагуудын төсөв, үйлчилгээ нь хүний эрхийг хамгаалах, иргэдийн хэрэгцээг хангах чиглэлд уялдах шаардлагатайг тэрбээр онцолсон байна.
Төсвийн зарлага хэдхэн жилийн дотор хэт тэлж болохгүй
Төсвийн зардлын өсөлт, эдийн засгийн бодлогын чиг хандлагын талаар гишүүд байр сууриа илэрхийлсээр байв.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бусад байгууллагын урсгал зардал нэмэгдсэн асуудлыг хөндсөн. УИХ-ын гишүүн Б.Жаргалан улсын төсвийн зарлагыг ганцхан жилийн дотор хэдэн их наядаар нэмэгдүүлэх нь зохистой эсэхэд шүүмжлэлтэй хандаж, төсвийн бодит боломж, иргэдийн амьдралын нөхцөл байдлыг харгалзах шаардлагыг онцлов.
Мөн УИХ-ын гишүүн Г.Очирбат чөлөөт эдийн засгийн орон зай хумигдаж буй асуудлыг хөндөн, төсвийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөг тодруулсан.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа ирэх онд тус салбарт төсөвлөсөн татаас хүрэлцэхгүй байх эрсдэл байгааг дурдан, үүсэх зөрүүг хэрхэн оновчтой нөхөх асуудалд анхаарал хандуулахыг хүссэн байна.
Түүнчлэн төсвийн хэлэлцүүлгийн үеэр шатахууны нөөц болон хадгалах агуулах, савны хүчин чадлын талаар холбогдох яамнаас мэдээлэл өгөв.

Төсвийг хэлэлцэж дууслаа: Дараагийн шатанд шилжүүлнэ
Хэлэлцүүлгийн төгсгөлд, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал аливаа шийдвэр гаргахдаа Үндсэн хуулийн зарчмыг баримтлах шаардлагыг сануулсан бол УИХ-ын гишүүн Б.Жаргалан иргэдийн амьдрал доройтож буй нөхцөлд Оюутолгойн ногдол ашгийг төсвийн ерөнхий зарлагад шингээхгүй байх байр суурь илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа уг асуудлаар дэмжиж үг хэлсэн байна.
2027 оны төсвийн багц хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороогоор дуусгаж, хэлэлцүүлгийн дүнг УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.