Ардчилсан намаас өнөөдөр /2026.10.08/ 2026 оны төсөв, төсвийн тодотголтой холбоотой асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газар УИХ-аар батлуулаагүй төсвийн хөрөнгийг зарцуулсан гэх асуудалд хариуцлага тооцох шаардлагатай хэмээн мэдэгдлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Засгийн газар УИХ-ын батлаагүй төсвийг өөрийн үзэмжээр зарцуулсан нь Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй хэмээн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Үгнээс илүү баримт, үйлдэл тод, чанга дуугардаг” хэмээгээд, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хэлсэн үгнээс Засгийн газар өмнөх шийдвэрүүдийг үргэлжлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон мэт ойлголт төрж байгаа ч цаашид энэ асуудлыг хууль, журмын хүрээнд тодруулах шаардлагатайг онцоллоо.

Х.Тэмүүжингийн хэлснээр, УИХ-аас батлаагүй, төсөвлөөгүй чиглэлд улсын төсвийн хөрөнгө зарцуулсан талаарх мэдээлэл төсвийн тодотгол болон төсөл хэлэлцэх үеэр ил болж байгаа аж. Түүний үзэж буйгаар энэ нь ганц сайдын асуудал бус, Засгийн газрын хэд хэдэн гишүүний хэлж буй мэдээллээр нотлогдож байгаа тул анхаарал татахуйц асуудал юм.

Тэрбээр “Төсөв батлах эрх бол УИХ-ын онцгой бүрэн эрх. Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гэж заасан. Гэтэл хэзээ завандаа Засгийн газар өөрсдөө дур мэдэн улсын төсөв баталдаг болчихов. Хэзээ хууль тогтоогчдын өмнөөс шийдвэр гаргаад, араас нь хууль тогтоогчид засах ёстой гэсэн нөхцөл байдал үүсэв” хэмээн шүүмжиллээ.

Мөн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахтай холбоотой Эрүүгийн хуулийн зохицуулалтыг дурдаж, хууль хэрэгжих эсэх асуудлыг хөндсөн юм.

Түүний зүгээс “Засаг дарга болон бусад албан тушаалтан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд хариуцлага хүлээдэг. Харин Засгийн газрын гишүүн, Засгийн газар өөрөө ийм үйлдэл хийсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ” гэсэн асуултыг тавив.

Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнууд хуулиас давсан эрх мэдэлтэй мэт аашилж болохгүйг онцолж, төсвийн хөрөнгө УИХ-ын батлаагүй чиглэлд зарцуулагдсан эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Х.Тэмүүжин “УИХ-ын гишүүдийг загнадаг, зандардаг, айлган сүрдүүлдэг, УИХ хэрхэн ажиллах, гишүүд шийдвэрээ хэрхэн гаргахыг зааж зааварладаг хэмжээний Засгийн газар бий болж болохгүй” хэмээн шүүмжилж, энэ асуудалд хариулт өгөхийг шаардлаа.

Мөн тэрбээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг уг асуудлыг эрэн сурвалжилж, төсвийн хөрөнгө яг ямар шийдвэрийн үндсэн дээр, хэзээ, хаана зарцуулагдсан талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхийг уриалсан юм.

Х.Тэмүүжингийн үзэж буйгаар, дээрх нөхцөл байдал нь Үндсэн хуулийн зөрчил үүссэн эсэх, мөн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эсэх асуудлыг хөндөж байгаа тул хууль хяналтын байгууллага шалгах шаардлагатай болжээ.

С.Цэнгүүн: 2026 оны төсөвт туссан төслүүдийг тодотголд шинээр орж ирсэн мэтээр давхар тусгасан

Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2026 оны батлагдсан төсөвт туссан төслийн нэгжүүдийг төсвийн тодотголд дахин оруулж ирэхдээ “2026 онд шинээр хэрэгжих” болон “0 хувийн гүйцэтгэлтэй” мэтээр тусгасан асуудлыг хөндлөө.

Тэрбээр 2026 оны төсвийн үндсэн зарчим нь урсгал зардал, тэр дундаа захиргааны зардлыг нэмэгдүүлэхгүй байх явдал байсан гэдгийг онцлоод, энэ зарчмын хүрээнд нэг их наяд төгрөгийн алдагдлаас 23 тэрбум төгрөгийг хасуулах санал амжилттай гаргасан гэв.

Гэвч холбогдох сайд 23 тэрбум төгрөгийг хасах боломжгүй, уг хөрөнгийг аль хэдийн зарцуулсан гэх ноцтой байр суурь илэрхийлсэн нь төсвийн тодотголын үйл явцтай холбоотой олон асуултыг бий болгож байгааг С.Цэнгүүн хэллээ.

Тэрбээр “Төсвийн тодотголын хүрээнд УИХ зарчмын зөрүүтэй санал гаргаж, тодорхой зардлыг хасуулах эрхтэй. Гэтэл 2026 оны батлагдсан төсвөөс хасах, эсвэл шинээр оруулж ирэх эрх зүйн үндэслэлгүй нөхцөлд тухайн хөрөнгө хэдийд, ямар шийдвэрийн дагуу захиран зарцуулагдсан бэ гэдэг нь тодорхойгүй байна” хэмээн тайлбарлав.

Мөн төсвийн хөрөнгийг зарцуулсан гэх мэдээлэл гарсан нөхцөлд тухайн хөрөнгө хэзээ, ямар шийдвэрээр, ямар зориулалтаар зарцуулагдсан талаарх баримт, мэдээллийг нээлттэй болгох шаардлагатайг онцоллоо.

С.Цэнгүүн “Одоо энэ дээр ажиллаж байгаа хүмүүс хохирох гээд байгаа учраас шахалт үзүүлж байгаа нь маш ноцтой асуудал” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Түүний хэлснээр Монгол Улсын төсөв нийт дүнгээрээ батлагддаг бөгөөд тухайн дүнгийн доторх төсөл, арга хэмжээ, зардлын нарийвчилсан задаргаа хангалттай тодорхой, нээлттэй байх шаардлагатай аж.

Тэрбээр “Төсвийн бүх задаргааг иргэдэд нээлттэй мэдээлэх ёстой. Бүр 50 төгрөгийн зарцуулалтыг ч нарийвчлан харах боломжтой байх хэрэгтэй. Засгийн газар төсвийн задаргааг бүрэн нээлттэй болгож чадвал ийм маргаантай асуудал үүсэхгүй” хэмээн онцоллоо.

Ардчилсан намын зүгээс дээрх асуудлуудтай холбогдуулан төсвийн хөрөнгийг ямар шийдвэрийн үндсэн дээр, хэзээ, хэрхэн зарцуулсан талаарх мэдээллийг ил тод болгох, хууль зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзэж байна.