Төрийн ордонд “Багш нарын төлөө хамтдаа” зөвлөгөөн болж, боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, багшийн хөгжил, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг бэхжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөнд боловсролын салбарын үе үеийн төлөөлөл оролцож, багшийн мэргэжлийн хөгжил, сургалтын чанар, боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын үр дүн, цаашдын зорилтыг танилцуулав.

Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн хүрээнд Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль батлагдаж, багшийн эрх зүй, хөгжлийг бие даасан хуулиар зохицуулах эрх зүйн орчин бүрдээд буй. Уг хуулиар багшийг туслах багштай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын нэмэлт ачааллыг бодитой үнэлж тооцох тогтолцоог үе шаттай нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа аж.

Мөн Монгол Улс анх удаа PISA олон улсын үнэлгээ-нд хамрагдаж, суралцагчдын мэдлэг, чадварын түвшнийг олон улсын жишигтэй харьцуулан үнэлэх, боловсролын бодлогоо өгөгдөлд суурилан боловсронгуй болгох шинэ боломжийг бүрдүүлсэн.

 

Засгийн газрын хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын хүрээнд боловсролын салбарыг тэргүүлэх чиглэлийн нэг болгон тодорхойлж, багшийн хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн хөгжил, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн “Багшийн гурван тулгуурт бодлого”-ыг хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд 2027 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хувьсах зардлын цалин хөлсийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тусгаж, боловсролын салбарын нийт төсвийг 7.4 их наяд төгрөгөөр төлөвлөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

Түүнчлэн багш бэлтгэх тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын шилдэг туршлагад суурилсан багшийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, сургуулийн удирдлагын бие даасан байдлыг нэмэгдүүлэх, багшийн мэргэжлийн өсөлт хөгжилд чиглэсэн дэмжлэгийг өргөжүүлэхээр ажиллаж буй.

Мөн хүүхэд бүр амьдарч буй газар нутаг, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн нөхцөлөөс үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилгоор сум дундын ахлах сургуулийн тогтолцоог хөгжүүлэх, орон нутагт олон улсын хөтөлбөртэй ахлах сургуулиудыг үе шаттай байгуулах бодлогыг хэрэгжүүлж байгаа билээ.

Боловсролын салбарын шинэчлэлийн гол хүч нь багш бөгөөд багшийн хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн хөгжил, нийгмийн баталгааг сайжруулах бодлого нь хүүхэд бүрийн хөгжил, улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг зөвлөгөөний үеэр онцлов.