2026 оны Нобелийн химийн шагналыг химийн урвалын явцад “толин тусгал” буюу тэгш бус молекулын нэг хэлбэрийг давамгайлан үүсгэх аргыг хөгжүүлсэн Францын химич Анри Каган, Японы химич Кэнсо Сой нар хүртжээ.

Шведийн Нобелийн хорооноос лхагва гарагт мэдээлснээр, тэдний судалгаа эм үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой бөгөөд эмийн найрлагад шаардлагатай молекулын зөв хэлбэрийг сонгон гарган авах боломжийг бүрдүүлсэн байна.

Өдгөө 76 настай Кэнсо Сой Япон, 95 настай Анри Каган Францын иргэн бөгөөд тэдний судалгаа XIX зууны Францын нэрт химич Луи Пастерийн ажлын үргэлжлэл болжээ.

Сой Нобелийн шагналын хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ бол миний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм өдөр. Профессор Анри Кагантай энэхүү шагналыг хамт хүртэж байгаадаа маш их баяртай байна” гэж утсаар ярьжээ. Тэрбээр шагнал хүртсэн тухай мэдээ авах үедээ хүнс авахаар дэлгүүр хэсэж байснаа хэлсэн байна.

Japanese scientist Kenso Soai, co-winner of the 2026 Nobel Prize in Chemistry, holds a press conference in Tokyo

Ройтерс агентлаг Кагантай холбогдож чадаагүй ч түүний охин Вероник Ле Деюнф “маш их баяртай” байгаагаа илэрхийлжээ. Түүний хэлснээр, Каганы судалгааны бүтээлч, шинэлэг арга барил нь шинэ чиглэлүүдэд судалгаа хийх боломжийг нээсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн хоёр эрдэмтэнд баяр хүргэж, Каганы олон жилийн судалгааг “амьдралынхаа турш хийсэн судалгаанд нь нийцсэн үнэлгээ” хэмээн онцолжээ.

“Баруун гар” ба “зүүн гар” молекул

Амьд организмд чухал үүрэгтэй олон молекул нь хүний баруун, зүүн гар шиг бие биенийхээ толин тусгал болсон хоёр хэлбэрээр оршдог. Үүнийг химид хираль чанар гэж нэрлэдэг. Гэвч амьд организм эдгээр хоёр хэлбэрээс бараг үргэлж зөвхөн нэгийг нь ашигладаг нь химичдийн хувьд 100 гаруй жилийн турш тайлагдаагүй оньсого байсаар иржээ.

Нобелийн химийн хорооны гишүүн Петер Сомфайн хэлснээр, нэг эмийн молекулын “зүүн гарын” хувилбар нэг төрлийн нөлөө үзүүлж байхад “баруун гарын” хувилбар нь огт өөр нөлөө үзүүлж болох аж. Тиймээс эм үйлдвэрлэхдээ шаардлагатай молекулын хэлбэрийг сонгон гарган авах арга маш чухал юм байна.

Каган, Сой нар химийн урвалыг нэг төрлийн молекулыг илүү ихээр үүсгэх чиглэлд удирдах боломжийг харуулсан нь энэ асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болжээ.

Луи Пастерийн судалгаанаас эхлэлтэй

Энэ нээлтийн суурь нь XIX зууны Францын химич Луи Пастерийн судалгаанаас эхтэй аж. Пастер дарсны үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой дарсны хүчлийг судалж байхдаа уг бодис хоёр өөр хэлбэртэй байдгийг анзаарчээ. Бактери эдгээрийн зөвхөн нэг хэлбэрийг исгэж чаддаг байж. Энэ нь ижил химийн найрлагатай бодисууд орон зайн бүтцээсээ шалтгаалан өөр өөр шинж чанартай байж болохыг харуулжээ.

Харин шаардлагатай хэлбэрийн хираль молекулыг хэрхэн сонгон бий болгох вэ гэдэг асуудал олон жилийн турш шийдэгдээгүй хэвээр байсан аж. Каган, Сой нарын судалгаа энэ асуудлыг шийдвэрлэх химийн урвалын аргуудыг бий болгосон байна.

Энэхүү судалгааны ач холбогдлыг талидомидын эмийн дуулиан харуулдаг. 1960-аад оны эхээр уг тайвшруулах эмийг хэрэглэсний улмаас олон мянган хүүхэд төрөлхийн гажигтай төрсөн. Дараа нь судлаачид эмийн молекулын толин тусгал хэлбэрүүдийн нэг нь хүсээгүй, ноцтой нөлөө үзүүлж байсныг тогтоожээ.

Шагналыг арванхоёрдугаар сард гардуулна

A view of the sign for the Nobel Prize in Chemistry in the Royal Swedish Academy of Sciences in Stockholm

2026 оны химийн Нобелийн шагнал нь Нобелийн долоо хоногийн гурав дахь шагнал болж байна. Анагаах ухааны шагналыг даваа гарагт, физикийн шагналыг мягмар гарагт тус тус зарлажээ.

Каган, Сой нар шагналын медалиа Шведийн хаан XVI Карл Густафын гараас арванхоёрдугаар сарын 10-нд Стокхольм хотноо гардан авах юм байна. Ёслолын дараа Стокхольм хотын захиргаанд уламжлалт хүндэтгэлийн зоог зохион байгуулах ажээ.

Эх сурвалж: REUTERS