Колумбын поп од Шакира Мадрид хотод үргэлжилж буй “Las Mujeres Ya No Lloran World Tour” аялан тоглолтынхоо үеэр Британийн поп од Дуа Липаг гэнэтийн зочноор тайзнаа урьж, хамтран дуу дуулжээ.
“Antología”-г хамтдаа дуулжээ
Тэдний хамтарсан тоглолт аравдугаар сарын 3-нд Мадрид хотын “Estadio Shakira” цэнгэлдэхэд болсон Шакирагийн тоглолтын үеэр болжээ. Тухайн өдөр нь түүний Мадрид дахь 12 тоглолтын цувралын найм дахь тоглолт байсан байна.
Тоглолтын үеэр Шакира Дуа Липаг тайзнаа урьж, өөрийн 1995 онд гаргасан “Pies Descalzos” цомгийн “Antología” дууг акустик хувилбараар хамтран дуулжээ.
Шакира Дуа Липаг үзэгчдэд танилцуулахдаа түүнтэй хамт энэ дууг дуулах өөрт нь нэр төрийн хэрэг болохыг онцолж, түүнийг өөрийн биширдэг уран бүтээлч хэмээн танилцуулсан байна.
Сонирхолтой нь, Дуа Липа өмнө нь 2025 онд Богота хотод болсон Шакирагийн тоглолтын үеэр “Antología” дууг дуулж байсан бөгөөд энэ удаа хоёр уран бүтээлч уг дууг нэг тайзан дээр хамтран амьд тоглолтоор хүргэжээ.
"Олон хүний хувьд мөрөөдөл биелсэн мөч”
Тоглолтын дараа Шакира Дуа Липатай хамт авахуулсан зургаа Instagram хуудсандаа нийтэлж, энэ хамтын тоглолтыг “олон хүний хувьд мөрөөдөл биелсэн мөч” хэмээн тодорхойлжээ.
Харин Дуа Липа Шакирад талархаж, “Antología” дууг түүнтэй хамт дуулах боломж олгосонд баярласнаа илэрхийлсэн байна. Тэрбээр мөн тайзан дээр Шакира болон үзэгчидтэйгээ нэгэн бүхэл болсон мэт мэдрэмж төрсөн тухайгаа хуваалцжээ.
Amazon Music-ийн шинэ рекорд
Энэ тоглолт зөвхөн тайзан дээрх онцгой хамтын ажиллагаагаар зогссонгүй. Шакирагийн аравдугаар сарын 3-ны Мадрид дахь тоглолтыг Amazon Music, Prime Video болон Twitch платформуудаар дэлхий даяар шууд дамжуулсан байна.
Amazon Music-ийн мэдээлснээр, уг тоглолт нь тус платформын түүхэн дэх эмэгтэй уран бүтээлчийн хамгийн олон үзэгчтэй шууд дамжуулалт болж, шинэ рекорд тогтоожээ.
Энэ нь Шакирагийн хувьд анхны бүрэн хэмжээний тоглолтоо дэлхий даяар шууд дамжуулсан тохиолдол бөгөөд Amazon Music-ийн “The Women Shaping Latin Music” 2026 оны хөтөлбөрийн гол арга хэмжээний нэг байсан аж.
Шакира, Дуа Липа нарын “Antología” дууны уянгалаг акустик дуэт ийн Мадридын тоглолтын хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг болж, дэлхийн хөгжмийн сонирхогчдын анхаарлыг татсан байна.
Эх сурвалж: Amazon Music, Billboard, EL PAÍS, Europa Press