УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны аравдугаар сарын 7-нд зохион байгуулсан. 

Тус сонсгол үдээс хойш “Монгол Улсын байгалийн баялаг ба нөлөөлөл”, “Сонгууль, улс төр дэх оролцоо” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд үргэлжлэв.

Сонсголд иргэн, төрийн бус байгууллагыг төлөөлж бүртгүүлсэн оролцогчдоос 25 иргэн, төрийн 14 байгууллагыг төлөөлсөн 37 албан тушаалтан хүрэлцэн ирж, асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Сонсголын үеэр шинжээчид Жеффри Эпштейний хэрэгтэй холбогдуулан гадаадын эрх бүхий байгууллагуудаас нийтэд ил болгосон материал, шүүх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон мэдээлэл, холбогдох байгууллагуудын албан ёсны тайлбар болон бусад шалгаж баталгаажуулах боломжтой эх сурвалжид Монгол Улсын талаар дурдагдсан асуудлуудыг судалж, сэдэв тус бүрээр гаргасан дүгнэлтээ танилцуулав.

Тэдний танилцуулсан мэдээллээс хамгийн их анхаарал татсан хэсгийн нэг нь Монгол Улсын байгалийн баялаг, тэр дундаа уул уурхайн орд газартай холбоотой асуудал байсан юм.

Шинжээчдийн дүгнэлтээр, Монголын байгалийн баялагтай холбоотой нийгэм, улс төрийн мэдээллийг нэр бүхий иргэн Эпштейнд бусад эх сурвалжаар дамжуулан цахим шуудангаар хүргэж байсан талаар дурдсан байна.

Мөн өндөр үнэтэй хаус худалдан авах зэрэг саналыг Эпштейн Монгол Улсын нэр бүхий албан тушаалтнуудад тавьж байсан талаар шинжээч танилцуулав.

Сонсголд оролцсон иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл Монгол Улсын төрийн шийдвэр гаргах түвшинд эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг, эх оронч үзэлтэй хүмүүс ажиллах нь чухал болохыг онцолж байлаа.

Мөн Монгол Улс уул уурхай, банк санхүүгийн салбартаа гаднын далд нөлөөлөлд автсан байж болзошгүй гэсэн хардлага, болгоомжлол байгаагаа зарим оролцогч илэрхийлсэн юм.

Сэтгүүлч Б.Эрдэнэбаатар мөн үг хэлж, уг хэргийн асуудлыг хөндөж “Хөх толбо” сониндоо нийтэлсэн баримтуудаа сонсголын үеэр дэлгэн танилцуулав..

Байгалийн баялагтай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд ч байр сууриа илэрхийлж, Оюу Толгойгоос Монгол Улсын хүртэх ногдол ашиг, Дубайн гэрээ, стратегийн ордуудын мэдээллийн ил тод байдал зэрэг олон жил маргаан дагуулж ирсэн асуудлыг дахин хөндлөө.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, С.Ганбаатар, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат нар байгалийн баялгаа хамгаалах, стратегийн ордуудын талаарх мэдээллийг олон улсын жишгийн дагуу нээлттэй болгож, биржээр дамжуулан ил тод байршуулах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн.

Үдээс хойш, сонсголын хоёр дахь гол сэдэв нь “Сонгууль, улс төр дэх оролцоо” байлаа. Энэ хүрээнд шинжээчид сонгуулийн үйл явцтай холбоотой мэдээллийг нэр бүхий иргэн гадагш илгээдэг байсан талаар дурдав.

Үүнтэй холбогдуулан иргэдийн төлөөлөл сонсголд нэр нь дурдагдаж буй улстөрчид болон холбогдох хүмүүсийн үйл ажиллагааг хянаж, шалгах шаардлагатайг хэлж, олон нийтэд үнэн зөв, баталгаатай мэдээлэл өгөхийг төрийн байгууллагуудаас шаардсан.

Мөн өнөөдрийг хүртэл тодорхой хариу тайлбар өгөөгүй байгаа хүмүүсийн байр суурийг сонсох нь зүйтэй гэсэн санааг оролцогчид илэрхийлсэн юм.

Харин өглөөний хуралдаанаар хэлэлцсэн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ч мөн сонсголын үеэр анхаарал татсан хэвээр байлаа. Тухайлбал, сонсголын үеэр дурдагдсан хүүхдүүдийн тоо хоёр өөрөөр яригдсан асуудалд холбогдох байгууллагууд нэмэлт тайлбар өгөв.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Г.Пүрэвдэлгэр “Өнөр бүл” төвөөс хүүхдийн тоог 26-гаар нэмж мэдээлсэн тул уг асуудлыг хянаж, шалгахаар болсон гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, цагдаагийн байгууллага дээрх хүүхдүүдийн олонхтой нь холбоо барьж, заримтай нь уулзсан байна.

Сонсголын төгсгөлд сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар иргэд, төрийн бус байгууллагуудын идэвхтэй оролцоонд талархал илэрхийлээд, өнөөдрийн сонсгол Монгол Улс хүүхэд, охид, эмэгтэйчүүдийг хамгаалах асуудлаа хангалттай шийдвэрлэж чадаагүйг харууллаа гэж байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр хүүхэд асрах газрын дарга ганцаараа шийдвэр гаргаж, 20 гаруй хүүхдийг өгч явуулдаг байсан эсэх зэрэг асуудлыг шалгах шаардлагатайг онцолсон юм.

Мөн дэлхий нийтийг сэртхийлгэсэн гадаадын иргэний холбогдсон хэрэгт Монголын нэр бүхий албан тушаалтнуудын нэр дурдагдаагүй байсан бол ерөнхий хяналтын сонсгол хийх шаардлага үүсэхгүй байсныг тэрбээр хэлэв.

Түүнчлэн уг асуудлыг шоолж, үгүйсгэхээсээ илүү улс орны хэмжээний асуудалд нухацтай, баримт нотолгоонд тулгуурлан хандахыг уриалсан юм.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын хэлснээр, парламентын нээлттэй сонсгол нь эцсийн шийдвэр биш, харин хяналт шалгалтын эхний шат. Цаашид сонсголын үеэр ил болсон мэдээллийг шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагуудад хүргүүлж, шалгуулах боломжтой бөгөөд энэ хүрээнд цаашдын ажил үргэлжлэх юм байна.

Ийнхүү сонсголоор Жеффри Эпштейний хэрэгтэй холбогдон Монгол Улсын нэр ямар нөхцөлөөр, ямар мэдээллийн хүрээнд дурдагдсан асуудлыг нээлттэй хэлэлцэв.

Байгалийн баялаг, уул уурхайн орд, улс төрийн мэдээлэл, сонгуулийн үйл явц, хүүхэд хамгаалал зэрэг Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, төрийн шийдвэр гаргалттай холбоотой эмзэг асуудлууд нэг дор яригдсан нь энэхүү сонсголын анхаарал татах гол шалтгаан болсон.

УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлснээр, ерөнхий хяналтын сонсгол өндөр ирцтэй, иргэдийн идэвхтэй оролцоотойгоор үргэлжилж, ийнхүү өндөрлөв.