Засгийн газрын өнөөдрийн буюу 2026 оны аравдугаар сарын 7-ны ээлжит хуралдаанаар эдийн засаг, экспортын нөхцөл байдал, улсын валютын нөөц, 2027 оны төсвийн төсөөлөл, орон нутгийн дэд бүтэц, лабораторийн тогтолцоо, малын халдварт өвчин болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг танилцууллаа.
Экспортын орлого 18.9 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ, сүүлийн гурван жилийн хугацаанд нүүрс, төмрийн хүдрийн зах зээлийн үнэ хоёр дахин буурсан бол алт, зэсийн үнэ өссөн байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар нүүрсний дундаж үнэ 70 орчим ам.долларт хүрсэн бол төмрийн хүдрийн үнэ мөн 70 ам.доллар орчимд байгаа нь 2026 оны төсвийн тооцоололд тусгасан түвшинд хадгалагдаж буйг онцоллоо.
Харин зэс, алтны үнэ төсөөлж байснаас өндөр байгаа нь зах зээлийг эрчимжүүлж, тэнцвэржүүлсэн үнээс давсан үзүүлэлт бий болоход нөлөөлж байна. Үүний үр дүнд Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлал үүсгэх боломж бүрдэж байгаа аж.
Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг 2023 оноос эхлүүлсэн. Биржээр арилжаалагдаж буй бүтээгдэхүүний үнэ зарласан үнээс тогтмол өндөр байгаа нь төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд тодорхой хэмжээгээр дэмжлэг болж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс жилд дунджаар 2.5 тэрбум ам.долларын нүүрсийг биржээр арилжаалж байна. Мөн энэ оны эхний есөн сарын байдлаар “Эрдэнэт үйлдвэр” 489 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байгаа бөгөөд нийт экспортын 13 хувийг биржээр, үлдсэн хэсгийг биржийн бус гэрээгээр арилжаалжээ.
Экспортын бүтцэд ноос, ноолуурын бүтээгдэхүүн чухал байр суурь эзэлж байна. Ноос, ноолуурын боловсруулалтын чанар сайжирч, салбарын өрсөлдөх чадвар нэмэгдсэн байна.
Мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого энэ оны байдлаар 84 сая ам.долларт хүрээд байгаа бөгөөд өвлийн бэлтгэл, мах бэлтгэлийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор цаашид энэ үзүүлэлт нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.
Түүнчлэн арьс ширний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 109 хувиар өссөн байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах боломж, өрсөлдөх чадвар нэмэгдсэний бодит үр дүн гэдгийг салбарын сайд онцоллоо.
Самар болон тослог ургамлын экспорт мөн өсөж байна. Газар тариалангийн салбар дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортын чиглэлээр хөгжиж буйн илрэл болж, одоогоор 12.4 сая ам.долларын экспорт хийжээ.
Экспортын орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын гадаад валютын нөөц аравдугаар сарын 1-ний байдлаар 8.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Монгол Улсын түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд экспортын өнөөгийн өсөлт хадгалагдвал оны эцэст валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж тооцоолжээ.
Монгол Улс 2026 оны экспортын орлогыг анх 16.6 тэрбум ам.доллар байхаар төлөвлөсөн бол өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан уг төсөөллийг 18.9 тэрбум ам.доллар болгон шинэчилж байна. Харин 2027 онд 20 тэрбум ам.долларын экспорт хийхээр төлөвлөж байгаа аж.
2027 оны төсөвт экспортын өсөлтийг тусгана
Засгийн газрын хуралдаанаар орон нутагт дэд бүтэц хөгжүүлэх, аж үйлдвэрийг дэмжих, эрчим хүчний тогтвортой байдлыг хангах асуудлыг танилцуулж, дэмжлэг авсан байна.
Нүүрсний үнийн төлөв харьцангуй сайн байгаа тул 2027 оны төсөвт орлого, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхээр тооцож байгаа аж. Өнөөгийн нүүрсний үнийн эерэг нөлөө ирэх оны төсөвт илүү тодорхой тусна гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээллээ.
Харин 2026 оны төсвийн тодотголын хүрээнд батлагдсан орлого, зарлагын хэмжээнд зохицуулалт хийх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, эцэслэх шатандаа орсон байна.
Сайдын мэдээлснээр Монгол Улсын экспортын нөхцөл байдал ерөнхийдөө эерэг байгаа бөгөөд экспортын үйл ажиллагаанд хяналт тавьж, зохион байгуулалттай ажиллаж байна. Мөн экспортын шинэ замууд ашиглалтад орж эхэлсэн нь экспорттой холбоотой өмнө үүсдэг байсан маргаан, хүндрэлүүдийг бууруулахад нөлөөлж байгаа аж.
Монгол Улсын эдийн засаг тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр түвшинд байгаа бөгөөд тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх дотоод нөөц, боломж бүрдэж байгааг тэрбээр онцоллоо.
Лабораторийн тогтолцоонд бодлогын реформ хийх шаардлагатай гэв
Шадар сайд Н.Номтойбаярын мэдээлснээр, Улсын онцгой комисс өнгөрсөн хугацаанд хоёр удаа албан ёсоор хуралдсан бөгөөд энэ үеэр үүссэн хэд хэдэн асуудлыг углуургаар нь шийдвэрлэхийн тулд бодлогын томоохон шинэчлэл хийх шаардлагатай гэж үзжээ.
Монгол Улсад итгэмжлэгдсэн нийт 226 лаборатори үйл ажиллагаа явуулж байгаагаас 55 нь төрийн өмчийн лаборатори байна. Эдгээр лаборатори таван өөр байгууллага, салбарт харьяалагддаг бөгөөд нэгдсэн бодлого, зохицуулалтгүй, мэдээллээ харилцан солилцдоггүй байдал нь хүндрэл үүсгэж байна.
Мөн лабораториудын урсгал зардал өндөр, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хангалтгүй, хүний нөөцийн чадавхтай холбоотой асуудал тулгамдсан хэвээр байгаа аж. Иймээс Ерөнхий сайдын зүгээс лабораторийн тогтолцоонд бодлогын томоохон реформ хийх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.
Шүлхий өвчний үед вакцины хомсдол үүссэн нь томоохон хохирол дагуулжээ
Сүүлийн үед шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсээр байгаа бөгөөд өвчний үед ашиглах вакциныг гадаадын зах зээлээс худалдан авдаг байна.
Гэвч шүлхий өвчин гарсан тухайн үед өвчний хувилбарт тохирох вакцин дэлхийн зах зээлд байгаагүй. Улмаар БНХАУ-д шинээр үйлдвэрлэсэн вакциныг худалдан авах хүртэл 32 хоногийн хугацаа алдсан байна.
Энэ хугацаанд нийт 4167 толгой мал хорогдож, нөхөн олговорт зургаадугаар тэрбум төгрөг орчим зарцуулжээ. Үүн дээр хөл хорио тогтоосонтой холбоотой зардал, шатахууны зардал болон бусад зардлыг тооцвол нийт хохирол, зардал 20 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна.
Шадар сайд өнөөгийн хууль эрх зүйн орчин болон асуудлыг шийдвэрлэж буй арга механизм хангалтгүй байгааг Ерөнхий сайдад танилцуулсан гэв.
Тэрбээр холбогдох хууль, дүрэмд ойрын хугацаанд томоохон өөрчлөлт хийхгүй бол асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа алдаж, үүний улмаас одоогийнхоос хэд дахин их хэмжээний хохирол амсах эрсдэлтэйг анхаарууллаа.
Мөн ямааны годрон өвчний асуудал тулгамдаж байгаа бөгөөд үүнд шаардлагатай вакцин дотоодод байхгүй байгаа аж. Иймээс Биокомбинатын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай вакцин, малын өвчлөлийн үед хэрэглэх эм, бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн гурван жилийн дунджаас 4.7-7 дахин өндөр байна
Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэдээлснээр, энэ жил томуу болон томуу төст өвчний тархалт өмнөх жилүүдийнхээс өндөр байна.
Нийт 10 мянган хүн тутамд тооцоход 46.5 хувь нь томуу болон томуу төст өвчнөөр өвчилсөн үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн гурван жилтэй харьцуулахад өвчлөл 4.7-7 дахин нэмэгдсэн байна.
Томуу, томуу төст өвчний дунд риновирусын халдвар зонхилж, нийт тохиолдлын ойролцоогоор 70 хувийг эзэлж байгаа аж.
ОХУ-д бүртгэгдсэн хурц хатгаатай холбоотойгоор хил дээр тандалт хийж байна
ОХУ-д хурц хатгааны улмаас 28 настай эмэгтэй нас барж, түүнтэй хавьтал болсон 200 орчим хүнийг тусгаарлан ажиглаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд мэдээллээ.
Монгол Улс ОХУ, БНХАУ-тай халдварт өвчний талаарх мэдээллийг харилцан солилцох гурвалсан гэрээтэй. Энэ хүрээнд ОХУ-ын талаас уг уушгины хурц хатгаа нь тахлын хэмжээнд хүрсэн нөхцөл байдал биш гэсэн албан мэдээллийг Монголын талд ирүүлжээ.
Гэсэн хэдий ч урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хилээр нэвтэрч буй иргэдээр эрүүл мэндийн асуумж, деклараци бөглүүлж, биеийн халууныг хэмжин тандалт хийж байна.
Эрсдэлтэй тохиолдол илэрсэн нөхцөлд халууралт болон бусад шинж тэмдэгтэй иргэдийг хүлээн авч, тусгаарлан ажиглах байр, нөхцөлийг урьдчилан бэлтгэсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд мэдээллээ.