УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. 

Энэ үеэр Гадаад харилцааны сайд асан, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн тайлбар өгч, байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Эпштейнтэй холбоотойгоор Монголын иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт өртүүлэхтэй холбоотой ямар нэгэн яриа, тохиролцоо, харилцаа огт байгаагүй" гэж тайлбарлав. Тэрбээр өөрийгөө болон тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ийм асуудалтай холбосон мэдээллийг үндэслэлгүй хэмээн үгүйсгэлээ.

Түүний хэлснээр, Эпштейнтэй анх 2013 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр зохион байгуулагдсан хүлээн авалтад танилцсан бөгөөд дараа нь 2015 онд Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Баракийн урилгаар оройн зоогт оролцох үеэр дахин уулзсан байна. Харин тэрбээр эдгээр уулзалтын үеэр эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй холбоотой ямар нэгэн асуудал огт яригдаагүйг мэдэгдэв.

Мөн олон нийтэд тархсан зарим цахим шуудан өөрийнх нь нэр, албан тушаалтай холбогдож байгаа боловч эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй холбоотой агуулга бүхий цахим шууданг өөрөө бичээгүйгээ тайлбарлалаа. Тухайлбал, нэгэн монгол эмэгтэйг Эпштейнтэй холбон бичсэн цахим шуудангийн талаар ярихдаа уг мэйлийг өөрөө бичээгүй бөгөөд тухайн цахим шуудангийн хэл найруулга, агуулгаас ч өөр хүн бичсэн нь харагдана гэж үзэж байгаагаа хэлэв.

Түүнчлэн Эпштейнээс өөрийн цахим шуудангийн хаягийг авсан гэх нэгэн буриад эмэгтэй түүнд Хятадын Цинхуа их сургуульд суралцахад нь тодорхойлолт бичиж өгөх хүсэлт тавьж байсан тухай дурдлаа. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой ямар нэгэн харилцаа байсныг илтгэхгүй гэж тайлбарласан юм.

Л.Пүрэвсүрэн мөн Эпштейнтэй харилцаж байсан харилцааг мэргэжлийн дипломат ажлын хүрээнд үүссэн холбоо байсан гэж тодотгов. Түүний хэлснээр, олон улсын өндөр түвшний уулзалт, хүлээн авалтын үеэр улс орнуудын нөлөө бүхий улс төрч, дипломат, бизнесийн төлөөлөлтэй танилцаж, харилцаа тогтоох нь дипломат албаны ажлын нэг хэсэг бөгөөд Эпштейнтэй харилцсан харилцааг үүнээс өөр утгаар тайлбарлах үндэслэл байхгүй аж.

Тэрбээр “Эпштейнтэй ойр дотно харилцаатай байсан”, “Монгол эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй холбоотой асуудалд оролцсон” гэх агуулгатай мэдээллүүдийг няцааж, хэрэв ийм мэдээлэл яригдаж байгаа бол баримтад тулгуурлан шалгах шаардлагатайг онцоллоо.

Мөн тухайн үеийн төрийн албан хаагчдын албан ёсны цахим шуудангийн архив Монголын талд хадгалагдаагүй, харин зарим и-мэйл АНУ-ын Хууль зүйн яамны нийтэд ил болгосон материалд байгаа гэж тайлбарлав. Түүний үзэж байгаагаар, эдгээр материалыг бүрэн эхээр нь шалгаж, хэн, ямар нөхцөлд ямар цахим шуудан илгээснийг тогтоох нь бодит байдлыг тодруулахад чухал аж.