УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу тус сонсгол өнөөдөр 09.00 цагт эхэллээ.
Ерөнхий хяналтын сонсголын сэдэв: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” юм. Сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалж байна.
Жеффри Эпштейний хэрэг
Жеффри Эпштейн нь насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулсан, хүн худалдаалахтай холбоотой хэргээр АНУ-д шалгагдаж байгаад, 2019 онд шүүх хурлаа хүлээж байхдаа хорих ангид нас барсан. Түүний хэрэгтэй холбоотой олон сая хуудас баримт, цахим шуудан, харилцааны мэдээлэл сүүлийн үед ил болсон нь олон орны улс төр, бизнесийн хүрээний хүмүүстэй холбоотой асуудлыг дахин сөхөхөд хүргэсэн.
Монгол Улстай холбоотой ямар мэдээлэл гарсан бэ?
1. Монголын эдийн засаг, Оюу толгой
Зарим ил болсон материалд Эпштейн Монголын эдийн засгийн нөхцөл байдал, Оюу толгойн төсөл болон “Рио Тинто”-той холбоотой маргааны талаар мэдээлэл авч, тодорхой хүмүүсийн хамт Монголын эдийн засгийг сэргээх асуудлаар зөвлөх хүрээнд нэр дурдагдсан талаар мэдээлж буй. Мөн Монголын эдийн засгийн төлөв, ОУВС-гийн үнэлгээ, дэд бүтцийн томоохон төслүүдийн талаар цахим харилцаанд нь мэдээлэл байсан гэж мэдээлжээ.
2. Ц.Элбэгдоржийн нэр
Нийтэд ил болсон материалд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний зөвлөхүүдийн нэг Л.Пүрэвсүрэнгийн нэр дурдагдсан. Тухайлбал, Эпштейнтэй цахим шуудангаар харилцсан, 2013 онд Нью-Йоркт уулзсан, Монголд урьсан тухай мэдээлэл байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ.
3. Х.Баттулгатай холбоотой нэрс
Мөн Эпштейний цахим шуудангийн материалд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүрээний хүн гэж хэвлэлүүдэд тодорхойлсон Ч.Ганбатын нэр гарсан талаар мэдээлсэн. Тэдний харилцаанд улс төрийн кампанит ажил, эдийн засаг, бизнесийн зарим асуудал яригдсан гэх мэдээлэл бий.
Монгол эмэгтэйчүүдийн асуудал
Өнөөдрийн сонсголын хүний эрхийн гол өнцөг зарим мэдээллийн дагуу Эпштейний ил болсон материалд Монгол охид, эмэгтэйчүүдийг гадаад руу авч явах, виз, тэдэнтэй холбоотой уулзалт, харилцааны талаар дурдсан мэдээлэл байгаа эсэхийг хэлэлцэх юм. УИХ-ын гишүүн П.Сайнзориг ийм мэдээлэлд хууль сахиулах байгууллагын шалгалт шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлж байв.
Мөн сонсголыг санаачлагч Б.Баярбаатар Эпштейнтэй холбоотойгоор хил дамнан хохирсон байж болзошгүй монгол эмэгтэйн асуудлыг хөндөх талаар мэдээлсэн билээ.