Хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентыг таних боломжийг нэмэгдүүлэх зорилгоор OpenAI компани ChatGPT болон Codex-оор үүсгэсэн бичвэрт үл үзэгдэх усан тэмдэглэгээ нэвтрүүлэхээр болжээ.

Тус компани уг технологийг Европын холбооны Хиймэл оюун ухааны тухай хууль (EU AI Act)-ийн ил тод байдлын шаардлагад нийцүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх хэдэн долоо хоногийн хугацаанд Европын холбооны орнууд дахь ChatGPT болон Codex-ийн хэрэглэгчдэд үе шаттайгаар нэвтрүүлэх юм байна.

Усан тэмдэглэгээ хэрхэн ажиллах вэ?

Энэ нь бичвэр дээр харагдах тусгай тэмдэг, үсэг, зай эсвэл тэмдэгт нэмэх хэлбэрийн усан тэмдэглэгээ биш аж. OpenAI-ийн “textGrain” хэмээх технологи нь загвар бичвэр үүсгэх үедээ үг болон үгийн хэсгүүдийг сонгох статистик хэв маягт үл үзэгдэх дохио шингээдэг байна.

Энгийн уншигчид ямар нэгэн ялгаа олж харахгүй боловч тусгай илрүүлэгч систем тухайн бичвэрт OpenAI-ийн усан тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгах боломжтой болох аж. 

OpenAI-ийн мэдээлснээр, уг технологийг эхний ээлжид Европын холбоонд нэвтрүүлэх бөгөөд дэлхийн бусад бүс нутагт API ашигладаг хэрэглэгчид сонгогдсон загваруудад текстийн усан тэмдэглэгээг өөрсдөө идэвхжүүлэх боломжтой юм байна.

Хэний бичсэн, хэний өмч болохыг тогтоохгүй

Усан тэмдэглэгээ нь тухайн бичвэрийг хэн бичсэн, хүн хэр их хувь нэмэр оруулсан, хэн эзэмших эрхтэй эсвэл хэн хариуцлага хүлээхийг тогтоох зориулалттай биш болохыг OpenAI онцолжээ.

Мөн усан тэмдэглэгээ илрээгүй тохиолдолд тухайн материалыг хүн 100 хувь өөрөө бүтээсэн гэж дүгнэх боломжгүй. Богино хэмжээний текст, их хэмжээгээр засварласан, дахин найруулсан эсвэл орчуулсан бичвэрт усан тэмдэглэгээг илрүүлэх нарийвчлал буурах боломжтой аж. 

OpenAI-аас усан тэмдэглэгээг илрүүлэх тусгай хэрэгслийн эрхийг эхний ээлжид зөвшөөрөл авсан судлаачид болон мэргэжлийн байгууллагуудад олгох юм байна. Энэ нь ехнологийн бодит хэрэглээ, нарийвчлалыг судалж, цаашид боловсронгуй болгох зорилготой ажээ.

Тус компани мөн textGrain технологио цаашид нээлттэй эхийн хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: OpenAI