2026 оны Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг эрдэмтэн Карл Дайссерот (Karl Deisseroth), Петер Хегеман (Peter Hegemann), Георг Нагель (Georg Nagel) нар хүртлээ.

Тэднийг “гэрлээр удирдагддаг ионы сувгууд болон оптогенетиктэй холбоотой нээлтүүдийнх нь төлөө” шагнажээ. Шагналтнуудын нэрийг аравдугаар сарын 5-ны даваа гарагт Стокгольм хотноо зарласан байна.

Нобелийн ассамблейн мэдэгдэлд “Петер Хегеман, Георг Нагель нар нэг эст замгаас гайхалтай уураг болох сувгийн родопсиныг нээсэн. Карл Дайссерот энэхүү уургийг мэдрэлийн эсийг гэрлийн тусламжтайгаар удирдах боломжтой ‘унтраалга’ болгон хөгжүүлсэн. Тэдний нээлт мэдрэл судлалын шинэ эриний үндэс суурийг тавьсан” гэж тэмдэглэжээ.

Оптогенетик гэж юу вэ?

Оптогенетик гэдэг нь гэрлийн тусламжтайгаар мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг маш нарийн удирдан, амьд тархинд мэдрэлийн эсүүд ой санамж, мэдрэмж, зан үйл хэрхэн бий болгодгийг судлах боломж олгодог арга юм байна.

Өөрөөр хэлбэл, маш энгийнээр хэлбэл гэрэл → тодорхой уураг → мэдрэлийн эсийг асаах/унтраах → тархины үйл ажиллагааг судлах гэсэн зарчимтай аж.

Шагналтнууд

Петер Хегеман — Германы Берлин хотын Хумбольдтын их сургуульд ажилладаг.
Георг Нагель — Германы Вюрцбургийн их сургуульд ажилладаг.
Карл Дайссерот — АНУ-ын Стэнфордын их сургууль болон Ховард Хьюзийн анагаах ухааны хүрээлэнд судалгааны ажил эрхэлдэг.

Өмнөх жилүүдийн анагаах ухааны Нобелийн шагналтнууд

2025 онд Физиологи, анагаах ухааны Нобелийн шагналыг Мэри Э. Брунков, Фредерик Рамсделл, Шимон Сакагучи нар хүртсэн. Тэдний ажил захын дархлааны тэсвэржилт буюу дархлааны систем аутоиммун өвчнөөс өөрийгөө хэрхэн хамгаалдагтай холбоотой байжээ. Мөн хоргүй антиген, харшил үүсгэгчид рүү шаардлагагүй дайрахгүй байх механизмыг судалсан байна.

2024 онд Америкийн эрдэмтэд Виктор Амброс, Гэри Равкан нар микроРНХ болон генийн илэрхийллийг транскрипцийн дараах түвшинд зохицуулахад микроРНХ ямар үүрэгтэй болохыг нээснийхээ төлөө Нобелийн шагнал хүртжээ.

2023 онд АНУ-ын Пенсильванийн их сургуулийн Дрю Вайсман, Каталин Карико нарын мРНХ-тэй холбоотой судалгаа нь коронавирусийн эсрэг мРНХ вакцин боловсруулах үндэс суурь болсон тул Нобелийн шагнал хүртсэн байна.

2022 онд Шведийн биологич Сванте Паабо устаж үгүй болсон хүн төрлийн өвөг дээдсийн геном болон хүний хувьслын талаарх нээлтүүдээрээ Нобелийн шагнал хүртжээ.

Нобелийн долоо хоног эхэллээ

Анагаах ухааны салбарын шагналтнуудыг зарласнаар Нобелийн долоо хоног эхэлж байна.

10-р сарын 5 — Физиологи, анагаах ухаан
10-р сарын 6 — Физик
10-р сарын 7 — Хими
10-р сарын 8 — Утга зохиол
10-р сарын 9 — Энх тайван
10-р сарын 12 — Альфред Нобелийн дурсгалд зориулсан Эдийн засгийн шинжлэх ухааны шагнал

Эх сурвалж: DW