Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар Италийн Парма хотноо болж буй Ж.Вердийн нэрэмжит 26 дахь удаагийн наадамд оролцож, нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Вердийн “Набукко” дуурийн гол дүрд тогложээ.

Тэрбээр тус дуурийн шинэ тавилтад Вавилоны хаан Набуккогийн дүрийг бүтээсэн байна. Шинэ тавилтыг Италийн нэрт найруулагч Пьер Луижи Пицци найруулж, Франческо Ланциллотта удирдан ажиллажээ. Тус тоглолтод Болонья хотын Театро Комунале театрын найрал хөгжим, Пармагийн Театро Режо театрын найрал дуу оролцсон байна.

Ж.Вердийн “Набукко” нь дэлхийн дуурийн урлагт түүний нэр хүндийг бататгасан томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд Г.Ариунбаатар өмнө нь ч Набуккогийн дүрийг олон улсын тайзнаа бүтээж байв.

Түүнчлэн тэрбээр Ж.Вердийн “Макбет” дуурийн Макбет, “Риголетто” дуурийн Риголетто, “Травиата” дуурийн Жорж Жермон, “Трубадур” дуурийн Гүн ди Луна, “Бал-маскарад” дуурийн Ренато, “Аида” дуурийн Амонасро, “Отелло” дуурийн Яго, “Дон Карлос” дуурийн Родриго, “Симон Бокканегра” дуурийн Симон Бокканегра зэрэг олон дүрийг олон улсын нэр хүндтэй тайзнаа амжилттай бүтээж иржээ.