Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон холбогдох албаныхан өнөөдөр /2026.10.05/ хөдөө аж ахуйн салбарын сонсгол болон Говь-Алтай, Төв аймагт бүртгэгдээд буй ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Сайд Ц.Идэрбат өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан сонсголын үеэр салбарын талаарх мэдээллээ өгч, цаашид хамтран ажиллах байр сууриа илэрхийлснээ хэллээ.
Мөн сонсголын үеэр шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хөдөө аж ахуйн салбарын бүтээмж буурч, импортын хамаарал нэмэгдэн, ажиллах хүч багассан бөгөөд олон их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүн муу байна гэх агуулга яригдсан талаар дурдав.
Гэхдээ шинжээчийн дүгнэлтийг эцсийн шийдвэр мэт авч үзэж болохгүй гэдгийг онцлов. Тэр “Сонсгол гэдэг маш сайн судалгаатай байх ёстой. Шинжээчийн дүгнэлт бол шүүхийн шийдвэр биш. Тиймээс зөвхөн шинжээчийн дүгнэлтэд суурилж дүгнэж болохгүй” гэлээ.
Газар тариалангийн үйлдвэрлэл 172.7 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд төгрөгт хүрчээ
Сайдын мэдээлснээр, 2008-2025 онд газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ 172.7 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд төгрөгт хүрч өссөн байна. Мөн тариалангийн талбайн хэмжээ 202 мянган га-аас 600 гаруй мянган га болж, гурав дахин нэмэгджээ.
Түүнчлэн хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 70 хувь, улаанбуудай, төмс, гурилын хэрэгцээг 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа нь салбарын бодит үр дүн гэж үзэж буйгаа хэлэв.
Тухайлбал, аж ахуйн нэгжүүд “Атар-4”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөтөлбөрийн хүрээнд зээл авч, комбайн зэрэг техник тоног төхөөрөмж худалдан авснаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хөнгөвчилж, зээлээ хугацаанд нь төлж байгаа гэдгийг онцолсон юм.
Арьс, ширний урамшууллыг цаашид үйлдвэржилттэй уялдуулна
Сайд Ц.Идэрбат арьс, ширний урамшуулал олгож байгаа хэдий ч боловсруулах үйлдвэр хангалтгүй байгаа нь салбарын бодлогын алдаа гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэрбээр Ховдын арьс, ширний үйлдвэрийг 2027 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Өвөрхангай аймагт мөн хоёр үйлдвэр ажиллаж байгааг хэллээ.
Үйлдвэрүүд ашиглалтад орсноор түүхий эдийн урамшууллыг цаашид үйлдвэрлэлтэй уялдуулах шаардлагатайг мөн дурдсан юм. Тэрбээр “Яваандаа зарим урамшуулал байхгүй болно. Үйлдвэрүүд ашиглалтад орж, бүтээн байгуулалт хийхэд дэмжлэг хэрэгтэй байна гэдэг байр суурь салбарынхнаас гарч байгаа” гэв.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурыг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын урамшууллыг хэн дуртай нь хүртдэггүй бөгөөд үндэсний үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлэх тогтолцоог бий болгосон гэж сайд тайлбарлав.
Өмнө нь ноолуурыг Хятадаас ирсэн ченжүүд ихэвчлэн худалдан авдаг байсан бол одоо дотоодын үйлдвэрүүд эхэлж худалдан авах боломж бүрдсэн нь эерэг өөрчлөлт болохыг хэлсэн юм.
“Үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг хөрс хуулалт хийгээд гарсан нүүрсийг нь зардаг бизнес биш. Ноосоо цуглуулна, боловсруулах үйлдвэр барина, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, дараа нь борлуулна. Энэ бол том ажил. Хэдий болтол хонины ноосоороо эсгий эдлэл хийх вэ. Илүү сайжруулах шаардлагатай” гэв.
Мөн “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн талх, нарийн боовны үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлээгүй бөгөөд нийт 53 үйлдвэр шинээр байгуулагдсан гэж мэдээллээ.
Түүнчлэн “Лапша”, “Талын Монгол”, “Тод оймс” зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн Евразийн орнуудад экспортлогдож байгаа нь дээрх хөтөлбөрүүд үйлдвэрлэлд тодорхой үр дүн авчирсныг харуулж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Сайдын хэлснээр, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг төсөл, хөтөлбөрийн хүрээнд нийт 2.6 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд уг хөрөнгө үр ашиггүй зарцуулагдсан гэхээс илүү үйлдвэрлэл рүү шилжсэн гэж тайлбарлав.
Үүлдэр нь тодорхойгүй ухнаас болж годрон өвчин тархсан гэж үзэж байна
Харин ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар сайд Ц.Идэрбат мэдээлэхдээ, уг өвчин Монгол Улсад 1950-иад онд бүртгэгдэж байсан бөгөөд 2024 онд хил орчмын бүс нутагт дахин гарсан. Тухайн үед 15 мянга орчим ямааг устгалд оруулж, малчдад нөхөн төлбөр олгож байжээ.
Харин энэ удаагийн өвчний тархалтад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн бөгөөд БНХАУ-аас үүлдэр нь тодорхойгүй ухна хууль бусаар оруулж ирэн малчдад худалдсан нь тогтоогдсон талаар мэдээлэв.
Тодруулбал, “Саятан сүрэг” цахим хаягаар үүлдэр нь тодорхойгүй 12 ухныг Говь-Алтай аймгийн Цогт суманд худалдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор ямааны годрон өвчин тархсан гэж үзэж байгаа аж. Өвчний тархалтыг хязгаарлах хүрээнд одоогоор 5000 орчим ямааг устгалд оруулсан байна.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан шаардлагын дагуу арга хэмжээ аваагүйгээс нөхцөл байдал хүндрэхэд нөлөөлсөн гэж сайд үзэж байна.
Мөн ухна худалдсан этгээдүүд хэдэн ухна, хаашаа борлуулсан талаарх мэдээллээ өгөхгүй байгаа бөгөөд орон нутагт “годрон өвчний вакцин зарна” гэх мэдээлэл ч тархаж байгааг анхаарууллаа.
Сайд “Энэ удаагийнх бол хууль бус үйл ажиллагаа орсон байна гэдэг нь тодорхой байна. Хэний буруугаас болсон, хаанаас гарав гэдгийг тогтоох шаардлагатай” гэв.
Годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд сар гаруй хугацаа шаардлагатай
Годрон өвчний вакцины асуудлаар мөн мэдээлэл өглөө. Монгол Улсын Биокомбинат 1950-2000 оны хооронд годрон өвчний вакцин үйлдвэрлэж байсан бөгөөд энэ хугацаанд өвчний тохиолдол гараагүй тул 2000 оноос вакцин үйлдвэрлэхээ зогсоосон байна.
Харин өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан вакцин үйлдвэрлэх асуудлыг дахин авч үзэж байгаа бөгөөд гаднын орноос шууд вакцин импортлон хэрэглэх боломж хязгаарлагдмал байгаа аж.
Сайдын мэдээлснээр, Биокомбинатад годрон өвчний вакцин үйлдвэрлэх боломжтой бөгөөд үйлдвэрлэл эхлүүлэхэд сар гаруй хугацаа шаардлагатай юм байна.