Засгийн газар өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 5-ны өдөр 12:00 цагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлсэн байна. Тус хуралдаанаар ямааны годрон өвчинтэй холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ямааны годрон өвчинтэй холбоотой асуудал өмнө нь ч Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж байсан. Тухайлбал, 2024 онд Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл суманд уг өвчин бүртгэгдэж, халдварын голомтыг устгах зорилгоор өвчилсөн болон устгалд оруулах шаардлагатай ямааг устгасан билээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газар 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 2.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, малчдад нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэж байв.

Энэ удаагийн хуралдаанаар ямааны годрон өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд малчдад үзүүлэх дэмжлэг, нөхөн төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэх эсэх нь анхаарал татаж байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.