Монголын улс төрд Засгийн газрын тогтвортой байдал, төсвийн сахилга бат хоёр зэрэгцэн яригдаж байна. Нэг талд Ерөнхий сайдыг огцруулах асуудал улс төрийн хэлэлцүүлгийн төвд орж, нөгөө талд 2027 оны 43.6 их наяд төгрөгийн төсөв парламентаар хэлэлцэгдэх гэж байна.

Энэ хоёр асуудал тусдаа мэт боловч нэг цэг дээр огтлолцоно. Тэр нь төрийн мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ гэсэн асуулт.

Тодотгол ба төсвийн дарамт

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 34 их наяд төгрөгт хүргэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин тэнцвэржүүлсэн орлого өөрчлөгдөхгүй тул төсвийн алдагдал 1.05 их наядаас 2 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 1 хувиас 2 хувь болохоор байна.

Хамгийн анхаарал татах өөрчлөлт нь зарлагын бүтцэд буй. Урсгал зардлыг 1.152 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрөнгийн зардлыг 154.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, төсвийн нэмэлт эх үүсвэрийн тодорхой хэсэг нь хөрөнгө оруулалтаас илүү цалин, тэтгэмж зэрэг урсгал зардал руу чиглэж байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээр инфляц өндөр байгаа үед цалингийн зардлыг нэмэгдүүлэх нь нийлүүлэлтийн талын арга хэмжээ үр дүнгээ өгөхөөс өмнө эрэлтийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг дахин өдөөх эрсдэлтэй. Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл ч цалин, тэтгэврийг огцом нэмэгдүүлэх нь инфляцад дарамт учруулж болзошгүйг анхааруулсан.

Засгийн газрын хувьд энэ нь өрхийн орлогод ирэх дарамтыг бууруулах, хүнс, эрчим хүчний хангамжийг тогтворжуулах зорилготой бодлого. Харин бодлогын үр дүн нь нийлүүлэлт хэр хурдан сайжрах, нэмэгдсэн орлого бодит худалдан авах чадварыг хамгаалж чадах эсэхээс шалтгаална.

43.6 их наядын төсөв

Үүнээс илүү том сорилт бол 2027 оны төсөв. Шинэчилсэн төсвийн хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.28 их наяд, нийт зарлагыг 43.586 их наяд, төсвийн алдагдлыг 2.306 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувь байхаар тооцжээ. Нийт зарлага ДНБ-ий 37.8 хувьд хүрэх нь.

Энгийнээр хэлбэл, төр ирэх онд 43.6 их наяд төгрөг зарцуулах боловч үүний 2.3 их наяд орчим төгрөгийн эх үүсвэрийг орлогоороо бүрэн нөхөхгүй гэсэн үг.

Гэхдээ 43.6 их наяд гэдэг тоог дан ганц том тоо гэж харах нь хангалтгүй. Энэ мөнгө цалин, тэтгэвэр, тэтгэмж, сургууль, эмнэлэг, зам, эрчим хүч, төрийн үйлчилгээ, хөрөнгө оруулалт болон бусад хэлбэрээр эдийн засагт орж, улмаар өрх бүрийн амьдралд нөлөөлнө.

Тиймээс төсвийн гол шалгуур нь “хэдийг зарцуулах вэ?” бус, “зарцуулсан мөнгө ямар үр дүн бий болгох вэ?” гэдэгт байгаа юм.

Өсөлт өрхөд хүрэх үү?

Засгийн газар 2027 оны төсвийг иргэдийн бодит орлогыг хамгаалах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, хувийн хэвшлийн татвар болон санхүүжилтийн дарамтыг бууруулах, эрчим хүч, үйлдвэрлэл, зам, логистикийн хоцрогдлыг нөхөхөд чиглүүлж буйгаа тайлбарлаж буй.

Мөн эдийн засгийн өсөлтийг 5.8 хувь, инфляцыг ойролцоогоор 7 хувь байхаар тооцож, төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувьд барихаар төлөвлөжээ. Гэвч төсөв тэлэхийн хэрээр төрийн зарцуулалтын үр ашиг мөн адил нэмэгдэх үү? гэдэг асуудал анхаарал татаж буй.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төрийн оролцоог бууруулах, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, шинэ бодлого болон хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөг урьдчилан тооцох, төрийн албан хаагчдын цалинг эдийн засгийн нөхцөл, бүтээмжтэй уялдуулах, өрийн үйлчилгээний эрсдэлийг анхаарах шаардлагатайг зөвлөсөн.

Энэ нь 2027 оны төсвийн хэлэлцүүлгийг зөвхөн зарлагын хэмжээгээр хязгаарлахгүй байх шаардлагатайг харуулж байна.

Засгийн газар солигдвол төсөв яах вэ?

Ерөнхий сайдыг огцруулах асуудал парламентын хэлэлцүүлэгт шилжвэл улс төрийн өөрчлөлт төсвийн хэлэлцүүлэгтэй давхцах нөхцөл үүснэ.

Гэхдээ Засгийн газар солигдох эсэхээс үл хамааран төсвийн бодлогын үндсэн асуудал хэвээр үлдэнэ. Шинэ Засгийн газар байгуулагдсан ч төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтын үр ашиг, өрийн дарамт, төрийн зардлын бүтээмж гэсэн асуудлууд арилахгүй.

Тогтвортой төр шаардлагатай. Гэхдээ тогтвортой байдал нь хяналт, хариуцлагаас ангид байхыг хэлэхгүй. Харин улс төрийн өөрчлөлт гарсан ч төсвийн бодлого, төрийн үйлчилгээ, хөгжлийн зорилтууд тасалдахгүй байх нь чухал.

Иргэдэд үлдэх асуулт

УИХ-д өрнөх улс төрийн маргаанаас илүү иргэдийн хувьд бодит амьдралд мэдрэгдэх зүйл нь төсөв юм. Цалин, тэтгэвэр, татвар, ажлын байр, сургууль, эмнэлэг, зам, эрчим хүч, бизнесийн зардал бүгд төсвийн бодлоготой холбоотой.

Тиймээс асуудлыг зөвхөн “хэн Ерөнхий сайд болох вэ?” гэж харахаас илүү хэн төр барьснаас үл хамаарч "Төсвийн мөнгө хэр үр дүнтэй зарцуулагдах вэ?” гэж асуух шаардлагатай болж буй.

43.6 их наяд төгрөгийн цаана татвар төлөгчдийн мөнгө, байгалийн баялгийн орлого, зээл, өр төлбөр төдийгүй иргэдийн амьдралын чанар бий. Эцсийн дүндээ 2027 оны төсвийн үнэ цэнийг зарлагын хэмжээ бус, тэр мөнгөөр бий болсон бодит үр дүн тодорхойлно.

С.МАНДАХ