ОХУ-ын Зэвсэгт хүчин 10 дугаар сарын 2-ны баасан гарагийн шөнө Украины нийслэл Киев хотын Өмнөд гүүрэнд дахин цохилт өгсөн байна.
Мэдээ нийтлэгдэх үед Украины нийслэлийн захирагч Виталий Кличкогийн мэдээлснээр, Өмнөд гүүрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоёр чиглэлд бүрэн хаасан байжээ.
Мөн Днепр мөрний баруун эргээс зүүн эрэг рүү Патоны гүүрээр зорчих хөдөлгөөнийг зогсоосон байна. Харин Метро гүүрээр зорчих хөдөлгөөнд хэсэгчилсэн хязгаарлалт хийжээ.
Киевийн орон сууцны барилга оногджээ
Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, Киевийн Дарницкийн дүүрэгт 25 давхар орон сууцны барилга цохилтод өртөж, нэг хүн амиа алдсан байна. Мөн наад зах нь хоёр хүн шархаджээ.
Аврагчид барилгаас гэмтэж бэртсэн хоёр хүнийг гарган эмнэлгийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна. Гал түймрийг унтраах ажиллагааны үеэр нэг хүний цогцос олджээ. Түүнчлэн зургаан хүнийг барилгаас нүүлгэн шилжүүлсэн байна.
Үүнээс өмнө шөнийн цагаар Кличко Голосеевскийн дүүрэгт дроны хэлтэрхий задгай талбайд унасан талаар мэдээлсэн байна. Үүний улмаас орон сууцны бус барилгын цонх болон хэд хэдэн автомашин гэмтсэн боловч хүний амь нас эрсдээгүй аж.
Өмнөх өдөр Өмнөд гүүрэнд хоёр удаа цохилт өгчээ
“Интерфакс-Украин” агентлагийн мэдээлснээр, Оросын тал 10 дугаар сарын 1-нд Киевийн Өмнөд гүүрэнд хоёр удаа цохилт өгсөн байна.
Кличко тухайн орой “дрон оносны улмаас гүүрийн тулгуур, мөргөцөг, зорчих хэсэг болон метроны хамгаалалтын бетон хашлага гэмтсэн байж болзошгүй” гэж урьдчилсан байдлаар мэдээлжээ.
Үүний дараа Өмнөд гүүрээр метро болон газрын нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам юу гэж мэдээлэв?
ОХУ-ын Батлан хамгаалах яам 10 дугаар сарын 2-ны өглөө хийсэн мэдэгдэлдээ, шөнийн цохилтын үеэр дронууд “Днепр мөрөн дээгүүрх авто-төмөр замын гүүрийг” онож, уг байгууламжийг Донбасст байрлаж буй Украины цэргийн бүлэглэлүүд цэрэг болон цэргийн ачаа тээвэрлэхэд ашигладаг гэж мэдэгджээ.
Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яамны Telegram сувгийн мэдээлэлд Наливайковка сууринд байрлах “Киевская” цахилгаан дэд станц цохилтод өртсөн гэж дурдсан байна.
Оросын талын мэдэгдсэнээр, уг дэд станцыг Киев болон Киев муж дахь цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын объектуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, эрчим хүчний хуваарилалтыг хийхэд ашигладаг байжээ.
Эх сурвалж: DW