Честер Беннингтон нас барсны дараа хамтлаг дахин нэгдэх үедээ өөр нэрээр уран бүтээлээ үргэлжлүүлэх талаар хэсэг хугацаанд бодож байжээ. Гэвч шинэ дуугаа бүтээж эхлэхэд тэдгээр нь “гарцаагүй Линкин Паркын дуу” гэдгийг ойлгосон байна.
Линкин Парк хамтлагийн ахлагч, дуучин Майк Шинода шинэ баримтат кино болох Unshatter-т энэ талаар “Бид заавал Linkin Park гэдэг нэрийг ашиглах шаардлагагүй гэдэг бодол төрсөн. Өөр нэртэй байж болох байсан” гэж ярьжээ.
Тус кино одоо кино театруудаар гарч буй бөгөөд хамтлаг 2017 онд дуучин Честер Беннингтоныг нас барсны дараа хэрхэн урагшлахыг хичээж, 2024 онд тайзнаа эргэн ирсэн сэтгэл хөдлөм замналынх нь талаар өгүүлдэг байна.
Честер Беннингтон 2017 оны долдугаар сард 41 насандаа амиа хорлон нас барсан юм.
“ӨӨР НЭР ӨГВӨЛ БҮР УТГАГҮЙ САНАГДАХ БАЙСАН”
Өдгөө 49 настай Майк Шинода болон хамтлагийн үлдсэн гишүүд болох Жо Хан, Дэйв “Финикс” Фаррелл, Брэд Делсон нар дахин хамтран уран бүтээл хийж эхлэх үедээ нэг зүйлийг ойлгожээ. Тэдний шинээр бичиж буй дуунууд нь ямар ч эргэлзээгүйгээр Линкин Паркын хөгжим байсан аж.
Шинода “Өөр нэр өгөх нь бараг л тэнэг хэрэг, ямар ч утгагүй зүйл болох юм шиг надад санагдсан” хэмээн ярьжээ.
49 настай Жо Хан ч мөн адил байр суурьтай байсан аж. Тэрбээр хамтлагийн уран бүтээлийн захирал бөгөөд Unshatter баримтат киног өөрөө найруулжээ.
Хэрэв тэд шинэ нэр сонгосон бол цаашид уран бүтээл бүрийнхээ үеэр яагаад нэрээ сольсон талаар тайлбарлах шаардлагатай болох байж. Хан кинондоо “Насан туршдаа өдөр бүр нэрний тухай тайлбар хийх шаардлагатай болно гэдэг зүйлд би гарын үсэг зурахгүй” хэмээн хэлжээ.
ТЭД ӨӨР НЭР ХАЙГААГҮЙ
Хан PEOPLE сэтгүүлд хэлэхдээ, хамтлаг эцэст нь өөр нэрүүдийн талаар огт ярилцаагүй гэжээ. Харин тэд Linkin Park нэрийн дор цаашид хэрхэн уран бүтээлээ үргэлжлүүлэх вэ гэдэг талаар ярилцсан байна.
Тэр “Бид нэрийн тухай биш, юу хийх гэж байгаагаа өөр өөр хувилбараар ярилцсан. Магадгүй бид зүгээр л шинэ хамтлаг байгуулж болох юм. Хэрэв хүмүүс Linkin Park-ын нэрээс болж биднийг зорьж ирж байвал зарим дууг нь тоглож болно гэж бодож байсан” гэжээ.
Мөн өөр нэг хувилбар нь Linkin Park нэрээ хадгалж, өөр өөр дуун дээр олон төрлийн дуучин урьж оролцуулах байжээ.
Хан Честер Беннингтоныг алдсан мэдрэмжийн талаар “Хайртай хүн чинь байхгүй болсон үед дэлхий дээр төөрчихсөн мэт мэдрэмж бид бүгдэд байдаг. Нэг л хоосон орон зай үүсчихдэг. Тэр хоосон орон зайг нөхөх гэж оролдож болох ч үнэндээ нөхөж чаддаггүй. Үүнд маш их ганцаардал, гуниг бий. Энэ бол эдгэрэх үйл явцын нэг хэсэг” гэж ярьсан байна.
Тэрбээр цааш нь “Би энэ бүхнийг зүгээр л тайзан дээр гараад хийх тухай биш, дахин нэг хамтлаг болох тухай гэдгийг ойлгосон” хэмээн хэлжээ.
ЭМИЛИ АРМСТРОНГ ЛИНКИН ПАРКТ НЭГДЭВ
Эцэст нь, хамтлаг Dead Sara хамтлагийн дуучин Эмили Армстронгийг шинэ гоцлол дуучнаар сонгожээ. 40 настай Армстронгт шинэ бөмбөрчин Колин Бриттайн мөн нэгдсэн байна. Шинэ бүрэлдэхүүнтэй Linkin Park 2024 оны арваннэгдүгээр сард найм дахь студийн цомог болох From Zero-г гаргажээ.
Тус хамтлаг улмаар бараг хоёр жил үргэлжилсэн дэлхийн аялан тоглолтоо 2026 оны зургадугаар сард дуусгасан байна.
Өнөөдөр Linkin Park-ын анхны гишүүдийг хамтдаа уран бүтээлээ үргэлжлүүлэхэд хүргэж буй гол зүйл нь тэдний нөхөрлөл гэдгийг Жо Хан онцолжээ.
Тэр “Бид яагаад үүнийг хийдэг вэ? Бид хөгжим бичих дуртай найзууд. Бид хамтдаа өсөж, хөгжсөн. Студи бол биднийг дэлхийгээс тусгаарладаг ид шидтэй газар. Тэнд бид маш их баяр баяслыг мэдэрдэг. Үүнийг дахин олж чадсандаа бид үнэхээр азтай” гэж ярьсан байна.
“FROM ZERO” НЬ ХАМТЛАГИЙНХАА ЭХЛЭЛИЙГ Ч ДУРСЖЭЭ
Сонирхолтой нь Linkin Park хамтлаг нэрээ хэвээр хадгалсан ч From Zero цомгийн нэр нь хамтлагийн анхны түүхтэй холбоотой аж. Linkin Park болохоосоо өмнө тус хамтлаг хэсэг хугацаанд Xero нэртэй байжээ.
Майк Шинода тухайн үед цомгийн нэрийн талаар “Linkin Park-аас өмнө манай анхны хамтлагийн нэр Xero байсан. Энэ цомгийн нэр нь тэр даруухан эхлэл болон бидний одоо туулж буй аяллыг хоёуланг нь илэрхийлж байгаа” хэмээн тайлбарлажээ.
Түүний хэлснээр, From Zero нь хамтлагийн өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож, Linkin Park-ын танил дуугаралтыг хадгалсан ч шинэ эрч хүчээр дүүрэн болсон бүтээл аж.
ЛИНКИН ПАРКЫН ӨНӨӨДӨР
Өнөөдөр Linkin Park-ын бүрэлдэхүүнд Эмили Армстронг, Жо Хан, Колин Бриттайн, Майк Шинода, Брэд Делсон, Дэйв Фаррелл нар багтсан байна.
Хамтлаг Честер Беннингтоны орон зайг өөр хүнээр “нөхөх” бус, харин түүний дараах шинэ нөхцөлд Linkin Park гэдэг хамтлагийнхаа түүхийг үргэлжлүүлэх замыг сонгосон нь Unshatter баримтат киноны гол сэдвүүдийн нэг болжээ.
Unshatter кино одоогоор цөөхөн кино театруудад гарч буй бөгөөд 4DX болон SCREENX хувилбараар үзүүлэхээс гадна цаашид сонгогдсон хотуудад хүрэх юм байна.
Мөн кинонд багтаагүй тусгай бичлэгүүдийг агуулсан Linkin Park – Unshatter (Live in São Paulo) цомог нь худалдаанд гарчээ.
Эх сурвалж: PEOPLE