Bruce Almighty киноны 64 настай од Жим Керри олон жил үерхсэн найз бүсгүй Мин Ахтай гэрлэснийг түүний хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт буюу өнгөрсөн есдүгээр сарын 30-нд PEOPLE сэтгүүлд мэдээлж баталжээ.
Тэдний хурим Керри, Мин Ах нар Францад болсон César Awards ёслолын үеэр хамтдаа зургаа авахуулснаас хойш долоон сарын дараа болсон байна.
Керри шагнал гардуулах ёслолын үеэр франц хэлээр хэлсэн талархлын үгэндээ Мин Ахын талаар онцлон дурджээ. Тэрбээр “Гайхамшигтай гэр бүл, охин Жейн болон ач хүү Жэксондоо баярлалаа. Би та бүхэндээ одоо ч, үүрд ч хайртай. Мөн миний гайхамшигт хань Мин Ахдаа баярлалаа. Би чамд хайртай, Мин Ах” хэмээн хэлсэн байна.
Түүний охин Жейн, ач хүү Жэксон болон найз бүсгүй Мин Ах нарт танхимд цуглагсад халуун алга ташилтаар баяр хүргэжээ.
Керри мөн өөрийн аав Перси Жозеф Керриг дурсаж, “Миний мэдэх хамгийн хөгжилтэй хүн, хайр, өгөөмөр сэтгэл, инээд хөөрийн үнэ цэнийг надад зааж өгсөн аав Перси Жозеф Керридээ эцэст нь баярлалаа” хэмээн хэлсэн байна.
ОЛОН ЖИЛИЙН ХАРИЛЦАА
Жим Керри, Мин Ах нарын харилцаа хэдэн жилийн турш үргэлжилж байгаа аж. Just Jared сайт 2022 оны хоёрдугаар сард жүжигчин, инээдмийн жүжигчин Жадд Апатоугийн Лос-Анжелес дахь Largo клубт зохион байгуулсан буяны инээдмийн арга хэмжээнээс Керри, Мин Ах нар хамтдаа гарч яваа зургуудыг нийтэлж байжээ.
Хэдийгээр Керри хувийн амьдралаа олон нийтэд төдийлөн дэлгэдэггүй ч 2026 оны хоёрдугаар сард болсон Францын César Awards-ийн үеэр Мин Ахыг олон нийтийн өмнө онцгойлон дурдсан нь тэдний харилцаанд анхаарал татсан мөч болсон байна.
ЖИМ КЕРРИ ХУВИЙН АМЬДРАЛАА ОЛНЫ НҮДНЭЭС ХОЛ БАЙЛГАХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
Ace Ventura: Pet Detective киноны од Жим Керри хувийн амьдралынхаа талаар харьцангуй цөөн ярьдаг нэгэн. Тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сард Access Hollywood-д Sonic the Hedgehog 2 киноныхоо талаар ярилцах үеэр жүжигчний ажлаасаа гарч, “нам гүм амьдрал” сонгох талаар бодож буйгаа хэлж байсан аж.
Хөтлөгч Кит Хувер түүнээс энэ шийдвэр нь үнэхээр бодитой эсэхийг асуухад Керри “Би үүнийг нэлээд нухацтай хэлж байна” хэмээн хариулжээ.
Тэрбээр хэрэв өөрт нь хүмүүс заавал үзэх ёстой, үнэхээр чухал бүтээл хэмээн мэдрэгдэхүйц зохиол ирвэл жүжиглэх ажлаа үргэлжлүүлж магадгүй ч тухайн үедээ завсарлага авч буйгаа хэлсэн байна.
Керри олны анхаарлаас хол байх амьдралдаа сэтгэл хангалуун байдгаа мөн ярьжээ. Тэрбээр зураг зурж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, өөрийнхөө тайван амьдралыг эрхэмлэдэг тухайгаа хэлсэн байна.
Тэр “Би нам гүм амьдралдаа үнэхээр дуртай. Зотон дээр будаг түрхэх дуртай, сүнслэг амьдралдаа ч сэтгэл хангалуун байдаг. Би хангалттай зүйлтэй болсон гэдгээ мэдэрдэг” хэмээн ярьжээ.
ӨМНӨХ ХАРИЛЦАА
Жим Керри өмнө нь Kidding цувралын хамтран тоглогч Жинжер Гонзагатай үерхэж байсан. Тэд 2019 оны нэгдүгээр сард Калифорнийн Уэст-Холливуд хотод болсон Golden Globes-ийн нэр дэвшигчдэд зориулсан арга хэмжээний улаан хивсний ёслолд хамт оролцож, хосуудын хувьд анх удаа олны өмнө гарч байжээ.
Тухайн үед Керригийн төлөөлөгч Гонзагаг жүжигчний найз бүсгүй болохыг PEOPLE сэтгүүлд баталж байсан аж. Гэвч мөн оны аравдугаар сард Us Weekly тэднийг нэг жил хүрэхгүй хугацаанд үерхсэнийхээ дараа салсан талаар мэдээлжээ.
Жим Керри өмнө нь Dumb and Dumber киноны хамтран тоглогч Лорен Холлитай 1996-1997 онд гэрлэж байсан. Түүнчлэн охин Жэйнтэйгээ хамт амьдардаг байсан Мелисса Вомертай 1987-1995 онд гэрлэжээ.
Эх сурвалж: PEOPLE