ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн (IKI RAS) Гариг судлалын физикийн хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан, физик-математикийн ухааны кандидат Владислава Ананьева "Ирээдүйд хүн төрөлхтөн жингүйдлийн нөхцөлд дасан зохицож, сансарт тархан суурьшихын хэрээр өндөр түвшний цацраг идэвхжил болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр аажмаар өөрчлөгдөж магадгүй" гэж үзжээ.
Тэрбээр ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Хүмүүс сансарт аажмаар тархан суурьшиж, өнөөгийн бидний ойлголтоор ‘хүн’ байхаа бага багаар өөрчилж магадгүй” хэмээн ярьжээ.
Жингүйдэл, цацрагт дасан зохицох боломжтой юу?
Ананьева дэлхийгээс хүн төрөлхтнийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй гэсэн таамаглалтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Түүний үзэж буйгаар, хүмүүс сансрын орчинд аажмаар дасан зохицож, тэнд амьдрах боломжтой байж болох нь.
Тэрбээр ирээдүйн хүн жингүйдэл, цацрагийн өндөр түвшин, цаашлаад тодорхой хэмжээгээр вакуум орчинд дасан зохицох боломжийг үгүйсгээгүй байна. Гэхдээ ийм хэмжээний хувьслын өөрчлөлт байгалийн жамаар явагдахад хэдэн зуун мянган жил шаардагдаж болзошгүй гэж астрономич үзжээ.
Генийн инженерчлэл энэ хугацааг богиносгож магадгүй
Ананьева генийн инженерчлэл хурдацтай хөгжсөөр байвал хүний бие махбодыг сансрын орчинд дасан зохицуулахад шаардагдах хугацаа эрс богиносож болохыг хэлсэн байна.
Түүний тооцоолсноор, ийм зорилготой генетикийн өөрчлөлтийг зориудаар хэрэгжүүлэх боломжтой болсон тохиолдолд мянга мянган жил бус, хэдэн зуун жилд ийм өөрчлөлт бий болох хувилбар байж болох аж.
Гэхдээ тэрбээр өөрөө ийм хувилбарыг төсөөлөхөд хэцүү байгаагаа онцолж, зөвхөн боломжит ирээдүйн нэг хувилбарын хувьд авч үзэж байгаагаа тэмдэглэжээ.

Хүн төрөлхтөн Сарны аймгаас цааш тархах уу?
Ананьевагийн үзэж буйгаар, хүн төрөлхтний ирээдүйд хэд хэдэн өөр хувилбар байж болох аж. Тэдгээрийн нэг нь хүмүүс дэлхийгээс гадна Нарны аймгийн хэмжээнд тархан суурьших явдал юм байна.
Астрономич "Хэрэв хүн төрөлхтөн олон сая жилийн туршид Нарны аймгийн өөр өөр орчинд амьдрах чадвартай болж чадвал алс ирээдүйд Дэлхий хүн төрөлхтний амьдралд зайлшгүй шаардлагатай цорын ганц орчин байхаа больж магадгүй" гэж таамагласан байна.
Өөрөөр хэлбэл, түүний дэвшүүлж буй санаа нь хүн төрөлхтөн сансарт зүгээр нэг “нүүж очих” бус, харин шинэ орчиндоо олон үеийн туршид дасан зохицож, улмаар биологийн хувьд өөрчлөгдөх боломжтой гэсэн таамаглал аж.
Эх сурвалж: TASS