Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Токио хотноо Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгч А.Танакаг хүлээн авч уулзав. 

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ) Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд нэн чухал ач холбогдолтой байж ирснийг онцолжээ.

Үүнд ЖАЙКА ул суурьтай судалгаанд суурилсан, үр өгөөжтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн үнэтэй хувь нэмэр оруулж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Төслийн хэрэгжилтийн хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах асуудлаар хамтран ажиллахыг хүсчээ.

ЖАЙКА байгууллагын Ерөнхийлөгч А.Танака хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа хэлсэн байна.  

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг Япон Улсын Засгийн газраас дэвшүүлээд буй “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА-аас дэмжин ажиллахаа илэрхийлжээ. 

Чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх,  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Төлөөлөгчийн газар байгуулах саналыг ажил хэрэг болгох зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр үр дүнтэй уулзалт болсон байна. 

Талууд Монгол Улсын дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах талаар мөн ярилцав. Түүнчлэн, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгаалал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт санал нэгджээ. 

Япон Улсын Засгийн газраас 1977-2025 онд Монгол Улсад зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ. ЖАЙКА Монгол Улсын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж буй юм.