Жүжигчин, дуучин Женнифер Лопез 18 настай ихэр хүүхдүүд болох Макс, Эмме нар нь их сургуульд сурахаар гэрээсээ явж буйтай холбоотойр сэтгэл хөдлөлөө хуваалцжээ.
Тэрбээр JLO Beauty брэндийнхээ Instagram хуудсаар дамжуулан хүүхдүүдээ явсны дараа “гэр эзгүйрэх” өөрт нь амаргүй үе байх талаар ярьсан байна.
Лопез “Тэднийг явсны дараа би энд ганцаараа суугаад, тэднийг бодож, хүүхэд байх үеийнх нь зургуудыг үзээд уйлах байх. Тиймээс өдөр тутмын хэвшлүүд маань намайг тайван байхад тусална” хэмээн ярьжээ.
Тэрбээр хүүхдүүдээ амьдралынхаа шинэ үеийг эхлүүлж буйд баяртай байгаа ч энэ нь эцэг, эхийн хувьд өөрсдөд нь ч шинэ эхлэл болохыг онцолсон байна.
Мөн Лопез энэ үеийг хүүхдээ өсгөх явцад хойш тавьсан хүсэл мөрөөдөл, хийхийг хүссэн зүйлсээ дахин сэргээх боломж гэж бодож байгаагаа хэлжээ.
Дуучин өнгөрсөн зун ихрүүдтэйгээ Италид аялж, их сургуульд явахаас нь өмнө хамтдаа аль болох их цагийг өнгөрүүлсэн байна.
Түүний хэлснээр Макс, Эмме нар өргөдөл гаргасан таван их сургуульдаа бүгдэд нь тэнцэж, тус бүр нэг сургуулиас тэтгэлэг авчээ. Лопез хүүхдүүдийнхээ хичээл зүтгэлээр бахархаж буйгаа мөн хуваалцсан байна.
Тэрбээр эцэг эхчүүдэд хандан “Энэ бол айдас төрүүлэм, шилжилтийн үе. Тэдний хувьд шинэ эхлэл төдийгүй таны амьдралын шинэ эхлэл” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: PEOPLE