Монголын үндэсний олон нийтийн телевиз байгуулагдаж, анхны нэвтрүүлгээ эх орон даяар цацсаны түүхт 59 жилийн ойн баярын өдөртэй холбогдуулан МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Нинжжамц мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр мэндчилгээндээ,
Монголын үндэсний олон нийтийн телевиз байгуулагдаж, анхны нэвтрүүлгээ эх орон даяар цацсаны түүхт 59 жилийн ойн баярын мэндийг МҮОНРТ-ийн үе үеийн сэтгүүлч, уран бүтээлч, инженер техникийн ажилтан, албан хаагчид, ахмад буурлууд, эрхэм хүндэт үзэгч, сонсогч Та бүхэнд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье!
Өдгөөгөөс 59 жилийн тэртээ эхэлсэн МҮОНРТ-ийн түүх бол Монголын ард түмний оюун санаа, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг хадгалан өвлүүлж, түгээн дэлгэрүүлсэн үндэсний оюуны их өвийн нэгэн чухал хэсэг билээ.
Энэ хугацаанд МҮОНРТ нь нийгэмд үнэн зөв мэдээлэл хүргэхийн зэрэгцээ монгол хэл, үндэсний соёл, урлаг, түүх, өв уламжлалаа хамгаалан түгээгч, олон нийтийн итгэл, мэдээллийн найдвартай эх сурвалж болон төлөвшиж, Монгол Улсын хөгжил, нийгмийн өөрчлөлт бүрийг түүхчлэн үлдээсэн билээ.
Монголын сэтгүүл зүй, радио, телевизийн салбарын хөгжилд МҮОНРТ-ийн оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их билээ. Олон үеийн нэрт сэтгүүлч, редактор, найруулагч, зураглаач, инженер техникийн ажилтан, уран бүтээлчдийг төрүүлэн гаргаж, мэргэжлийн ур чадвар, сэтгүүл зүйн ёс зүй, бүтээлч сэтгэлгээний өндөр шалгуурыг бий болгосон нь МҮОНТ-ийн түүхэн гавьяаны нэг билээ.

Өнөөдөр МҮОНТ нь цахим мэдээллийн сувгуудаараа дамжуулан Монгол Улсын өнцөг булан бүрд хүрч, дэлхий дахинд болж буй үйл явдлыг шуурхай мэдээлэн, эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийн амьдрал, түүх соёл, урлаг, спортын ололт амжилтыг олон нийтэд хүргэсээр байна.
‘’Үндэсний телевиз’’ 1-р суваг, “Монголын мэдээ” 2-р суваг, ‘’MNB спорт’’ 3-р суваг, ‘’MNB World’’ 4-р суваг, ‘’MNB гэр бүл’’ 5-р суваг тус бүр өөрийн онцлогоор сэтгүүл зүйн мэргэжлийн зарчим, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн, бодитой, шуурхай, тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн билээ.
59 жил бол зөвхөн он цагийн хэмжүүр биш. Энэ бол Монголын ард түмэнтэй хамт бүтээсэн их түүх, үе үеийн уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэл, сэтгүүлчдийн мэргэжлийн хариуцлага, үзэгч сонсогчдын итгэл, үндэсний хэвлэл мэдээллийн үнэ цэнийг илэрхийлэх бүтэн нэгэн эрин билээ.
Энэхүү түүхэн замналыг бүтээлцсэн МҮОНТ-ийн үе үеийн ахмад буурлууд, нийт сэтгүүлч, уран бүтээлч, ажилтан, албан хаагч Та бүхэндээ 59 жилийн ойн баярын халуун мэндийг дахин хүргэе.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, уран бүтээлийн арвин их амжилт, шинэ санаа, шинэ бүтээлээр Монголын үндэсний медиа салбарын хөгжилд улам их хувь нэмэр оруулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Үндэсний дуу хоолой, үндэсний үнэт зүйлсийн дархлаа болсон МҮОНТ нь Монголынхоо дуу хоолойг дэлхийд хүргэх, Монголынхоо түүхийг ирээдүйд өвлүүлэх их үйлс тань үеийн үед мөнхөд үргэлжлэх болтугай!
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Лувсандашийн НИНЖЖАМЦ гэжээ.