1982 онд “Rocky III” кинонд тоглохдоо гайхалтай бие галбиртай байсан Сильвестр Сталлоне олон жилийн дараа тухайн үеийн дүр төрхөө бий болгохын тулд эрүүл мэндээ хэрхэн гаргуунд нь гарсан талаараа илэн далангүй ярьжээ.

Өдгөө 80 настай жүжигчин “The New York Times” сонинд өгсөн шинэ ярилцлагадаа өөрийн бие махбодод хандах хандлага болон олон арван жилийн турш тулаант киноны дүрүүдийнхээ төлөө биеэ хэрхэн туйлд нь хүртэл сорьж ирсэн тухайгаа хуваалцсан байна.

Сталлоне хэлэхдээ, түүний бие эхэндээ дүрүүдийнх нь нэгэн төрлийн “хуяг” болж байжээ. Рокки Балбоа харьцангуй энгийн биетэй дүрээс улам булчинлаг, хүчирхэг тулаант киноны баатар болж хувирах тусам жүжигчин бие галбиртаа улам их анхаарах болсон байна.

“Rocky III” киноны үеэр энэ хүсэл эрүүл бус хэмжээнд хүрчээ. Сталлоне “Би булими (хооллолтын эмгэгийн нэг төрөл.орч) өвчтэй болсон. Та нар үүнийг хамгийн түрүүнд эндээс сонсож байна” хэмээн ярьсан байна.

Тэрбээр уг киноны зураг авалтын үеэр биеийн өөхний хэмжээгээ ердөө 2.6 хувь хүртэл бууруулж байсан бөгөөд биеийнхээ галбирыг хадгалах хүсэлдээ хэт автаж, хоол хүнсээ хэвийн барьж чадахгүйд хүрсэн тухайгаа ярьжээ.

Мөн Сталлоне тухайн үеийн булчинлаг бие галбираа бий болгохын тулд стероид хэрэглэж байсан талаараа ярилцлагадаа дурдсан байна. Түүний хэлснээр, тухайн үеийнх шиг бие галбирыг байгалийн аргаар бий болгох боломжгүй байсан аж.

Өнөөдөр жүжигчин олон жилийн турш биеэ хэт ачаалалд оруулсан нь өндөр үнэ төлөөс дагуулсныг хүлээн зөвшөөрчээ. Тэр “Би биеэ хэт их зовоож байсан” гэж хэлжээ.

Сталлонегийн хэлснээр, тэрбээр нурууны есөн удаагийн мэс засал, мөрөндөө хоёр удаагийн мэс засал, мөн хүзүүндээ гурван удаа хайлуулах мэс засал хийлгэсэн байна.

Тэрбээр 80 насандаа ч биеэ чийрэг байлгахыг хүсдэг боловч фитнес болон киноныхоо бэлтгэлд хандах хандлага нь эрс өөрчлөгдсөн талаар ярьжээ.

Сталлоне “Хэрэв бүхнийг дахин хийх боломжтой байсан бол би ‘Энэ ачааг өөр хүнд үүрүүл. Өөрийнхөө каскадерийг өөрөө бүү хий’ гэж хэлэх байсан” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

“Rambo” киноны од бие махбодоо хэт сорьж ирсэн зан чанараа хүүхэд насныхаа хүнд үе, ялангуяа эцэг Фрэнк Сталлоне Ср.-тэй харилцаж байсан харилцаатайгаа холбон тайлбарлажээ. Түүний ярьснаар, эцэг нь түүнийг бие махбодын хүчирхийлэлд өртүүлдэг байсан бөгөөд Сталлоне багаасаа “өөрийг нь хугалж чадахгүй” гэдгийг батлахыг хичээж өссөн байна.

Тэр хандлага нь насанд хүрсэн хойно нь ч үргэлжилж, кино урлагийн замналд нь нөлөөлжээ. Тэрбээр “Гэхдээ хүн бага зэрэг хугардаг юм байна. Бие махбодын хувьд, харин сэтгэл санааны хувьд биш” хэмээн хэлсэн байна.

“Cop Land” түүний хандлагыг өөрчилжээ

Сталлоне өөрийн бие галбирт хандах хандлагыг нь өөрчилсөн нэг дүр бол 1997 оны “Cop Land” киноны Фредди Хефлин байсныг мөн дурсжээ.

Тэр кинонд Сталлоне үзэгчдийн дассан булчинлаг, хүчирхэг баатрын дүрээс эрс ялгаатай, бие бялдрын хувьд дорой шерифийн дүр бүтээхийн тулд зориудаар жин нэмсэн байна.

Түүний хэлснээр “өрөөн дэх хамгийн сул дорой залуу”-гийн дүрийг бүтээх нь түүнд тодорхой хэмжээгээр эрх чөлөөтэй болсон мэт мэдрэмж төрүүлжээ.

Ийнхүү олон арван жилийн турш бараг ер бусын хүчирхэг эрийн дүр төрх бий болгож ирсэн Сталлоне өнөөдөр тэрхүү амьдралын хэв маяг өөрт нь ямар үнээр ирснийг эргэн харсан байна.

Тэр “Энэ бүхэн маш өндөр үнэ төлөөсөөр ирсэн” гэж хэлжээ.

Эх сурвалж: PARADE