Amazon MGM-ийн бүтээл, NFL-ийн домогт дасгалжуулагч Жон Мэддений амьдралын тухай “Madden” намтарчилсан киноны бүрэн хэмжээний анхны трейлер есдүгээр сарын 24-нд цацагджээ. Трейлер гарсны дараа үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь 62 настай Николас Кейжийн Жон Мэдденд хувирсан нь байж.

Тус кино Жон Мэддений Окленд Рэйдерс багийн дасгалжуулагч байх үеэс эхлэн Super Bowl-ийн аварга дасгалжуулагч болсон замнал, улмаар спортын нэрт тайлбарлагч болж, эцэст нь түүний нэрээр нэрлэгдсэн Madden NFL видео тоглоомын франчайзын нүүр царай болсон түүхийг өгүүлэх ажээ.

Киноны төсөв ойролцоогоор 75 сая ам.доллар гэж мэдээлсэн байна. Киноны найруулагчаар Дэвид О.Рассел ажиллаж, Камброн Кларктай хамтран зохиолыг нь бичжээ.

Николас Кейж Жон Мэддений дүрийг бүтээж байгаа бол Кристиан Бэйл Окленд Рэйдерсийн олон жилийн эзэн, Мэддений дотнын найз Ал Дэвисийн дүрд тоглосон байна. Харин Кэтрин Хан Мэддений эхнэр Виржиниагийн дүрийг бүтээжээ.

Мөн Жон Мулани Electronic Arts компанийн үүсгэн байгуулагч Трип Хокинсын дүрд тоглож, Сиенна Миллер болон Шейн Гиллис нар киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд багтсан байна.

Шинэ трейлерт Мэддений Рэйдерсийг удирдаж байсан 1970-аад оны үе, эрүүл мэндийн асуудлын улмаас дасгалжуулагчийн ажлаа орхиж, телевизийн спортын тайлбарлагч болсон үйл явдал, улмаар түүний нэртэй видео тоглоом бий болох эхлэл зэргийг харуулжээ.

Трейлерийн нэг хэсэгт Ал Дэвисийн дүрд тоглох Кристиан Бэйл Мэддений дүрд тоглох Кейжид “Чиний авьяасыг ашиглахгүй байх нь нүгэл” хэмээн хэлдэг аж. Мөн Трип Хокинсын дүрд тоглох Жон Мулани шинэ хөлбөмбөгийн видео тоглоомын санааг Мэдденд танилцуулж буй хэсэг гарчээ.

Киноны зураг авалтад Кейж 1970-аад оны Жон Мэддений дүр төрхийг гаргахын тулд нүүрний хиймэл хувиргалт ашигласан бөгөөд трейлерээс түүний өөрчлөлтийг тодорхой харж болох нь.

Найруулагч Дэвид О.Рассел 2024 онд Кейжийг уг дүрд сонгосноо зарлахдаа түүнийг “хамгийн агуу, хамгийн өвөрмөц жүжигчдийн нэг” хэмээн тодорхойлж байжээ.

“Madden” кино 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нд сонгогдсон кино театруудад нээлтээ хийж, арваннэгдүгээр сарын 18-наас Prime Video платформоор дэлхий даяар цацагдах юм байна.

Эх  сурвалж: PARADE