Иран улс Ормузын хоолойг дахин нээж, Ойрхи Дорнод дахь дайсагналыг зогсоох санал гаргаад, АНУ-ын хариуг хүлээж байна. Харин The Wall Street Journal сонин Ерөнхийлөгч Дональд Трамп уг саналыг няцаасан гэж мэдээлжээ.
Иран улс Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр дипломат санаачилга гаргаж, саналаа Катарын зуучлагчдаар дамжуулан АНУ-ын талд хүргүүлсэн байна. Тегераны мэдээлснээр, уг санал хэрэгжсэн тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойг долоо хоногийн дотор дахин нээж, бүс нутаг дахь байлдааны ажиллагааг зогсоох боломжтой аж.
Гэвч The Wall Street Journal сонин нэрээ нууцалсан АНУ-ын албаныхны мэдээллээс иш татан, Трамп Иран өөрийн шаардлагуудыг биелүүлнэ гэдэгт эргэлзэж буй бөгөөд арваннэгдүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуулийн дараа Ираны эсрэг агаарын цохилтыг дахин эхлүүлэх магадлалтай гэж туслах ажилтнууддаа хэлсэн хэмээн мэдээлжээ.
Үүнээс өмнө АНУ-ын нэгэн албан тушаалтан зуучлагчдаар дамжуулан Ирантай хийж буй хэлэлцээг “эерэг, бүтээлч” гэж тодорхойлж байв.
Ерөнхийлөгч: Иран дарамт, албадлагыг хүлээн авахгүй

Ираны тал мөн Ормузын хоолойтой холбоотой асуудлаар бүс нутгийн өрсөлдөгч Саудын Арабтай дипломат харилцааг эхлүүлсэн байна. Энэ нь долоон сар орчим үргэлжилж буй мөргөлдөөний цар хүрээ, үр дагаврыг харуулж буй. Мөргөлдөөний улмаас дэлхийн хамгийн чухал усан замуудын нэгээр дамжих газрын тосны тээвэр тасалдаж, дэлхийн эдийн засагт дарамт учраад байгаа билээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи баасан гарагт НҮБ-д сэтгүүлчдэд "Ираны санал хэрэгжсэн тохиолдолд Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээх тоолол эхэлж, бүс нутгийн байлдааны ажиллагааг түр зогсоох боломжтой" гэж мэдэгджээ.
Арагчи “АНУ-ын тал хэлэлцээр байгуулах, Ормузын хоолойг дахин нээх чин хүсэлтэй байгаа бол бүх зүйл одоо бэлэн байна” хэмээн хэлсэн байна.
Тэр "Хэрэв АНУ саналыг хүлээн авбал мөргөлдөөнд оролцогч талууд “харилцан тохиролцсон асуудлуудаар” өргөн хүрээний хэлэлцээ эхлүүлэх боломжтой" гэж мэдэгджээ. Энэ хүрээнд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэх боломжтой аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүйгээ удаа дараа мэдэгдсэн. Харин Ираны өндөр албан тушаалтан Reuters агентлагт хэлэхдээ, "АНУ Ираны энхийн саналыг хүлээн авсан ч Тегеран цөмийн хөтөлбөрийн асуудлаар ямар ч буулт хийхгүй" гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, Иран уран баяжуулах эрхээсээ татгалзахгүй бөгөөд өндөр түвшинд баяжуулсан уранаа улс орноосоо гаргах шаардлагыг мөн хүлээн авахгүй аж.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан CBS телевизийн Face the Nation нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Тегеран цөмийн хөтөлбөр болон бусад асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн боловч “дарамт шахалт, албадлагыг хүлээн авахгүй” гэж мэдэгджээ.
Пезешкиан “Иран дайн хүсэхгүй байгаа ч дарамт шахалт, заналхийлэл, халдлагын эсрэг өөрийгөө хамгаална” хэмээн хэлсэн байна.
Тэрбээр Иран “цөмийн зэвсэг бүтээх ёсгүй” гэдэг асуудлаар хэдийнэ тохиролцсоныг нэмж хэлжээ.
Ираны саналд юу багтсан бэ?
Арагчигийн хэлснээр, Иран бүс нутгийн бүх фронтод, тэр дундаа Ливан дахь байлдааны ажиллагааг зогсоох төлөвлөгөө боловсруулжээ. Үүний хариуд АНУ:
- Ираны боомтуудад тавьсан бүслэлтээ цуцлах;
- Ираны царцаасан хөрөнгийг чөлөөлөх;
- Ираны газрын тосны эсрэг хориг арга хэмжээг цуцлах шаардлагатай аж.
Өмнө нь дипломат аргаар мөргөлдөөнийг зогсоох оролдлогууд хийсэн ч амжилтад хүрээгүй байна.
Одоогийн дайн хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилийн халдлагаар эхэлсэн. Түүнээс хойш байлдааны ажиллагаа түр намжих, дахин сэдрэх байдлаар үргэлжилж буй.
Энэ хугацаанд олон мянган хүн амь үрэгдэж, Ираны уламжлалт зэвсэгт хүчний чадавх буурч, хэдийнэ хүнд нөхцөлд ороод байсан тус улсын эдийн засагт нэмэлт дарамт учирсан байна. Үүний хариуд Иран болон түүний холбоотнууд мөргөлдөөний хүрээг бүс нутгийн хэмжээнд тэлжээ.
Оман улстай хамтран Ормузын хоолойг хянадаг Иран Персийн булан дахь АНУ-ын холбоотнууд руу дрон болон пуужингаар цохилт өгсөн бол Йемен дэх Ираны холбоотон Хуситууд Саудын Арабын ашиг сонирхлыг онилсон байна.
Мөн Ирантай холбоотой Иракийн зэвсэгт бүлэглэлүүд Саудын Арабын газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлсөн хоолойн халдлагад буруутгагдсан. Үүний зэрэгцээ Ираны дэмжлэгтэй “Хезболла” бүлэглэл Ливанд Израилийн цэргийн хүчнүүдтэй тулалдаж буй юм.
Саудын Арабын холбоотнууд хамгаалалтаа бэхжүүлж байна

Арагчи Саудын Арабын Гадаад хэргийн сайд хунтайж Фейсал бин Фарханд Ормузын хоолойгоор аюулгүй тээвэрлэлтийг хангах талаар Иран, Оман хоёрын хооронд хүрсэн тохиролцооны талаар мэдээлсэн байна.
Мөргөлдөөний цар хүрээ тэлж байгаатай холбоотойгоор Саудын Арабын холбоотнууд тус улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх арга хэмжээ авч эхэлжээ.
Саудын Арабын дэмжлэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений засгийн газар Ирантай холбоотой Хуситуудын халдлагад өртөж буй аж. Хуситууд Саудын Арабын нутаг дэвсгэр рүү пуужин харвасан байна.
Саудын Араб тэргүүтэй эвслийн хүчнийхэн бямба гаргийн өглөө хуситуудын Кхамис-Мушайт хот руу харвасан хоёр баллистик пуужин, мөн нийслэл Рияд руу чиглэсэн хоёр дроныг саатуулсан талаар мэдэгджээ.
Йемений хүн ам хамгийн олноор төвлөрсөн бүс нутаг болон тус улсын хойд хэсгийн ихээхэн хэсгийг хянадаг хуситууд долдугаар сард Риядын эсрэг далайн бүслэлт зарласнаас хойш Саудын Араб руу халдлага үйлдэж байгаа аж. Тэдний халдлагад Саудын Арабын хотууд, эрчим хүчний дэд бүтэц, далайн тээвэр өртөж байна.
Энэ нь АНУ, Израилийн Ираны эсрэг дайнаас үүдэн дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд бий болсон дарамтыг нэмэгдүүлж, Ормузын хоолойн хөдөлгөөн ихээхэн хязгаарлагдсан хэвээр байгаа энэ үед Персийн булангийн газрын тосыг тээвэрлэх өөр нэг чухал зам болох Улаан тэнгисийн маршрутыг мөн эрсдэлд оруулж буй юм байна.
Саудын Арабтай байгуулсан хамтарсан батлан хамгаалах гэрээний түншүүд болох Турк, Пакистаны батлан хамгаалахын өндөр албан тушаалтнууд баасан гарагт Рияд хотноо уулзаж, бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг хэлэлцжээ.
Мөн тэд тагнуулын мэдээлэл солилцох, цэргийн зохицуулалтыг сайжруулах, зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагааг уялдуулах асуудлыг хэлэлцсэн байна.
Саудын Араб, Пакистан, Туркийн Гадаад хэргийн сайд нар Меккагийн хамтарсан батлан хамгаалах гэрээний хүрээнд уулзсанаас нэг өдрийн дараа дээрх уулзалт болжээ.
Йемен дэх мөргөлдөөн хүмүүнлэгийн хямралыг гүнзгийрүүлж байна
Йемен дэх хүчирхийлэл нэмэгдсэнээр тус улсад шинэ хүмүүнлэгийн хямрал нүүрлэж байгааг НҮБ-ын Хүүхдийн сан баасан гарагт анхааруулжээ. Тус байгууллагын мэдээлснээр, Йемен дэх мөргөлдөөн эрчимжсэнээр хүүхдүүдийн дундах хүнд хэлбэрийн хоол тэжээлийн дутагдал нэмэгдэж байна.
Ийнхүү АНУ, Ираны хооронд дипломат гарц эрэлхийлж байгаа ч Ормузын хоолой, Ираны цөмийн хөтөлбөр, хориг арга хэмжээ зэрэг гол асуудлаар талуудын байр суурь зөрсөн хэвээр байна.
Харин The Wall Street Journal-ийн Трамп Ираны саналыг няцаасан гэх мэдээллийг Reuters бие даан баталгаажуулж чадаагүй бөгөөд АНУ-ын албан ёсны хариуг хүлээж байгаа аж.
Эх сурвалж: REUTERS