Монгол оронд өнгөрч буй долоо хоног "сонин хачин" үзэгдэл, үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Монголын улс төрийн өнгө аясыг тодорхойлсон энэ долоо хоногт нэг талаас Засгийн газар бодлогоо хэрэгжүүлэх, эдийн засгийн орлогоо нэмэгдүүлэх тухай мэдээллүүд хийж байсан бол нөгөө талд эрх баригч намын доторх байр суурийн зөрүү илүү тодорхой харагдав.
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг солих асуудлаас эхэлсэн улс төрийн үйл явц УИХ дахь МАН-ын гишүүдийн харилцаа, Засгийн газрын тогтвортой байдал, цаашлаад 2027 оны төсвийн бодлоготой холбогдсон Оюутолгойн ногдол ашгийн 3 их наяд төгрөгийг хэрхэн зарцуулах вэ гэсэн томоохон маргаантай зэрэгцсэн нь олны анхаарлыг эрхгүй татсан юм.
С.Амарсайханыг чөлөөлж, Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилов
Долоо хоногийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал улс төрийн гол сэдэв байв. Ерөнхий сайд Н.Учрал өөрийн бүрэн эрхийн хүрээнд С.Амарсайханыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэр дэвшүүлсэн. МАН-ын Удирдах зөвлөл Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхийг дэмжиж, улмаар есдүгээр сарын 22-нд албан ёсоор сайдаар томилж, УИХ-ын чуулган дээр тангаргаа өргсөн.
Засгийн газрын тайлбарт С.Амарсайханыг чөлөөлж, Г.Тэмүүлэнг томилох шийдвэрийг ХЗДХ-ийн салбарын хэвийн үйл ажиллагаа, дотоод аюулгүй байдал болон төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлд нөлөөлсөн нөхцөл байдлыг таслан зогсоох шаардлагатай холбон тайлбарласан юм.
Г.Тэмүүлэн сайдын хувьд хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхээс гадна цагдаа, дотоодын цэрэг, хорих байгууллага зэрэг хууль сахиулах тогтолцооны асуудлуудыг хариуцана.
Шинэ сайдыг сонгох үед Ерөнхий сайд Н.Учрал “хурандаа нарыг ч, хулгайчийг ч танихгүй, ашиг сонирхлоос ангид” хүнийг сонгосон гэх агуулгатай тайлбар хийсэн нь мөн улс төрийн хүрээнд анхаарал татсан.
Харин зарим УИХ-ын гишүүн өмнөх сайдыг чөлөөлсөн шалтгаан болон ХЗДХ-ийн салбарын нөхцөл байдлыг илүү тодорхой тайлбарлах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн байв.
Сайдын халаа сэлгээ Засгийн газрын багийн дотоод харилцаа болон УИХ дахь эрх баригчдын байр суурийн зөрүүг илүү тод харуулсан юм.
МАН-ын 30:38 — нэршлээс илүүтэй бодит улс төрийн зөрүү юу?
Сүүлийн өдрүүдэд УИХ дахь МАН-ын гишүүдийг “30” болон “38” гэсэн хоёр талд хуваагдсан гэх мэдээлэл улс төрийн ярианы гол сэдэв болж буй.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намд “30:38-ын бүлэг” гэсэн албан ёсны бүтэц байхгүй гэж тайлбарласан. Гэвч хууль, төсөв, Засгийн газрын томилгоо зэрэг асуудлаар гишүүдийн санал зөрж, зарим тохиолдолд чуулганы ирцэд хүртэл нөлөөлсөн нь талцалтай, үзэл бодлын зөрүү байгааг дахин нотлов.
УИХ дахь олонхийн санал Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх боломжтой хэвээр байх эсэх нь ирэх өдрүүдийн гол асуулт болон үлдлээ.
“Оюутолгойн 3 их наяд” - Мөнгө орж ирэхээс өмнө хуваарилалтын маргаан эхлэв
Улс төрийн хүрээнд өрнөсөн бас нэг том сэдэв нь Оюутолгойн ногдол ашиг байлаа. Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс Оюутолгой төслөөс анх удаа ногдол ашиг авах нөхцөл бүрдсэн, уг орлогыг 3 их наяд төгрөгөөр төлөвлөж буй талаар мэдээлсэн.
Засгийн газрын мэдээллээр, Оюутолгойн ногдол ашигтай холбоотойгоор төсөв, иргэдийн орлого, цалин тэтгэвэр зэрэг асуудлыг хамтад нь авч үзжээ. Харин энэ мөнгийг яг юунд зарцуулах вэ гэдэг дээр улс төрийн байр суурь зөрөв.
Засгийн газраас төсвийн орлогоор дамжуулан цалин, тэтгэвэр нэмэх, нийгмийн бодлогыг санхүүжүүлэх хувилбар ярьж байгаа бол УИХ-ын зарим гишүүн Оюутолгойн ногдол ашгийг төсвийн ерөнхий орлогод уусгах бус, иргэдэд шууд хүртээж, хуримтлуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Оюутолгойн мөнгө Монголын иргэдийн амьдралд шууд очих уу, эсвэл улсын төсвийн орлого болж зарцуулагдах уу? Энэ асуултын хариу 2027 оны төсвийн бодлоготой шууд холбогдох юм.
“3 их наяд төгрөг” гэдэг тоог одоо бэлэн мөнгө хэлбэрээр төсөвт орчихсон мэт ойлгох нь учир дутагдалтай. Ногдол ашгийн хэмжээ, хугацаа, төсөвт тусгах хэлбэр болон зарцуулалтын шийдвэрүүд нь хууль, төсвийн үйл явцаар эцэслэн шийдэгдэх асуудал юм.
Улс төрийн хүрээнд “алаагүй баавгайн арьс"-ыг хэдийнэ хуваачихсан бололтой.
Л.Энх-Амгалан vs Д.Амарбаясгалан: Уучлал гуйх уу, огцрох уу?
Энэ долоо хоногийн төгсгөлд МАН доторх зөрчил Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нарын хоорондын "зодоон"-оор хурц илрэв. Маргааны эхлэл нь Л.Энх-Амгалан сайдын УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг Түгжилмаа болгосонтой холбоотой.
Үүний дараа МАН-ын зарим гишүүн сайдыг уучлал гуйхыг шаардсан бөгөөд Д.Амарбаясгалан есдүгээр сарын 25-нд Л.Энх-Амгаланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд тавьж буйгаа мэдэгдэв.
Д.Амарбаясгалангийн хэлснээр, Л.Энх-Амгалан уучлал гуйхгүй бол түүнийг огцруулах шаардлагыг албан ёсоор тавихаа мэдэгдсэн юм. Мөн боловсролын салбарын төсөв, тэр дундаа хувийн сургуулиудад олгох хувьсах зардлын мэдээлэлтэй холбоотой асуудлыг нягтлах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Харин Л.Энх-Амгалан өөрийн байр суурийг эрс хамгаалсан. Тэрбээр уучлал гуйхгүй, огцрохгүйгээ мэдэгдэж, өөрийн нэр төрд халдсан гэж үзэж буй асуудлаар холбогдох байгууллагад хандаж шалгуулахаа хэлсэн юм.
Мөн боловсролын салбарын хувьсах зардал 30 жилийн турш хэрэгжиж ирсэн тогтолцоо бөгөөд төрийн болон хувийн сургуулийн хүүхдийн сурах эрхийг ялгах ёсгүй гэсэн тайлбар хийв.
Маргаан үүгээр дууссангүй. Л.Энх-Амгалан Д.Амарбаясгалантай холбоотой Бортээгийн уурхайн асуудлыг сөхөж, ноцтой мэдэгдэл хийсэн бол Д.Амарбаясгалан Боловсролын сайд УИХ-д хүргүүлсэн төсвийн мэдээлэлтэй холбоотойгоор хуулийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдсэн гэж мэдэгдсэн.
Тэдний маргаан боловсролын төсөв, УИХ-ын ирц, сайдын хариуцлага, цаашлаад улс төрийн бүлэглэлүүдийн харилцааны асуудал болж өргөжив.
Н.Учралын байр суурь ба Засгийн газраа хамгаалах уу, намын дотоод зөрчлийг зохицуулах уу?
Эдгээр үйл явдлын дунд хамгийн их анхаарал татаж буй хүн нь Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Н.Учрал. Тэрбээр нэг талаас Засгийн газрын бодлогыг хамгаалж, цалин, тэтгэвэр нэмэх, ипотекийн хөтөлбөрийг өргөжүүлэх, Оюутолгойн ногдол ашгийг төсөвт тусгах зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогыг урагшлуулах зорилтоо илэрхийлсээр байлаа.
Нөгөө талаас Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгаланг огцруулах шаардлага тавьсан МАН-ын хэсэг гишүүдтэй уулзсан. Энэ нь намын дотоод зохицуулалтын асуудлыг илүү тод болголоо.
Д.Амарбаясгалангийн мэдээлснээр, 27 гишүүн Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, үүсээд буй асуудлыг хэлэлцсэн байна. Уулзалтаар Л.Энх-Амгалан сайдыг уучлал гуйх нь зөв гэсэн байр суурь гарсан ч сайд өөрөө уучлал гуйхаас эрс татгалзаж буйгаа мэдээлсэн юм. Тиймээс Н.Учрал хоёр өөр асуудалд хариу өгөх шаардлагатай нүүр тулж байна.
Нэгдүгээрт, Засгийн газрын бодлого, төсвийн шийдвэрүүдийг УИХ-аар дэмжүүлж хэрэгжүүлэх. Хоёрдугаарт, МАН-ын гишүүдийн дунд үүсээд буй "алалцаан"-ыг Засгийн газрын тогтвортой ажиллагаанд нөлөөлөх хэмжээнд хүргэхгүй зохицуулах.
Энэ хоёр зорилго хоорондоо шууд огтлолцож буй нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын гол өнгө болж байна.
С.МАНДАХ