Поп хөгжмийн супер од Тэйлор Свифт “The Life of a Showgirl: The Encore” нэртэй шинэ хувилбараа гаргажээ. Уг цомогт өмнө нь худалдааны амжилт олсон ч шүүмжлэгчдээс тааруу үнэлгээ авсан цомгийн дөрвөн шинэ дууг нэмсэн байна. Анхны цомгийн нэгэн адил “Patient Zero”, “Cleveland!”, “Pink Clouding”, “Babylon” зэрэг шинэ дуунуудын талаар ч санал бодол харилцан адилгүй байгаа аж.
Свифт үргэлж өөрийг нь шүүмжилдэг хүмүүсийг дагуулж ирсэн. Гэхдээ сүүлийн үед түүнийг шүүмжлэх дуу хоолой нь бүр өөрийнх нь үнэнч фенүүдийн хүрээнээс ч гарч эхэлжээ. Өөрийгөө Свифтийн шүтэн бишрэгч гэж тодорхойлдог хүмүүс хүртэл бүх зүйл өмнөхөөсөө өөр болсон гэх сэтгэгдлээ илэрхийлэх болсон байна.
The Telegraph сонины Пoppи Платт шинэ бүтээлд нь хоёр од өгч, “Би Свифти, гэхдээ энэ шинэ дуунууд үнэхээр муухай гэж бодож байна” хэмээх гарчигтайгаар шүүмж бичжээ.
Платт анхны цомог гарснаас хойш 11 сар, харин “Toy Story 5” киноны “I Knew It, I Knew You” сингл гарснаас хойш гурван сар өнгөрснийг онцлоод, “Тиймээс Свифт хамгийн сайн хийдэг зүйлээ хийжээ. ‘Делюкс’ хувилбарт зориулж хэдэн дуу нэмж бичээд, гэнэтийн байдлаар гаргаж, өмнөх фенүүдээ эргүүлэн татахыг зорьсон бололтой.
Гэвч үүний тулд хөгжмийн чанар сайн байх ёстойг тэр анзаараагүй бололтой. ‘The Life of a Showgirl: Encore Edition’-ийн дуунууд анхны цомогт багтсан бүтээлүүдийн нэгэн адил хуучирсан, өнгө аястай сонсогдож байна” гэжээ.
Гэхдээ зөвхөн мэргэжлийн шүүмжлэгчид шүүмжилж байгаа хэрэг биш. Свифтийн шүтэн бишрэгчид сошиал орчинд түүний дууны үг, далд санаа, “Easter egg” буюу нуугдмал дохиог тайлбарлан ярилцдаг уламжлалт яриануудынхаа дунд ч сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх нь олширчээ.
Сошиал орчинд “theswiftologist” нэрээр танигдсан контент бүтээгч Закари Хурайхан “The Encore бол муу санаа байлаа” гэсэн тайлбартай видео нийтэлжээ.
Тэрбээр “Уг нь хүмүүс нэгэнт төдийлөн таашаагаагүй цомгийг ингэж үргэлжлүүлж буй нь үнэхээр сонирхолтой. Энэ цомгоос болж хүмүүс бидний үеийн хамгийн агуу дуу зохиогчдын нэгийн ур чадварт хүртэл эргэлзэх болсон.
Анхны хувилбар дээр нь байгаагүй зүйлийг нэмж өгөхгүйгээр үүнийг үргэлжлүүлэхээр шийдсэн нь буруу алхам мэт санагдаж байна. Миний бодлоор энэ хувилбар тэр зорилгодоо хүрч чадсангүй” хэмээн ярьжээ.
X платформ дээр ч шүүмжлэл цөөнгүй байна. Нэгэн хэрэглэгч “Encore үнэхээр муу байна. Би Свифтийг үзэн ядахыг хүсэхгүй байгаа ч түүний шинэ урам зориг хэрэгтэй болжээ. Поп-рок цомог эсвэл өөр шинэ өнгө аястай зүйл хэрэгтэй байна. Ийм дахин боловсруулсан зүйлс хангалттай” хэмээн бичсэн байна.
Грекийн дуучин, дуу зохиогч Vaelis мөн AOTY.org сайтад “babyforgiveme” нэртэй хэрэглэгчийн бичсэн шүүмжийг дэмжин хуваалцжээ. Тус шүүмжид “Сүүлийн үед түүний хөгжмийн чанар буурч байгааг үл тоомсорлоход улам бүр хэцүү болж байна” гэжээ.
“The Life of a Showgirl” цомог Тэйлор Свифтийн фенүүдийг хуваасан нь
“The Life of a Showgirl” анх гарахад зарим фен нь Свифтийн өмнөх дуунуудынх шиг сэтгэл хөдлөлийн хүч шинэ цомогт нь дутагдаж байна гэж шүүмжилж байж. Тухайн үед Свифт сүй тавьсан байсан бөгөөд “амьдралынхаа ханийг олсон ч уран бүтээлийн эрч хүчээ алдсан юм биш биз” гэсэн нийтлэл, дүн шинжилгээ ч олон гарчээ.
Тиймээс тэрбээр “Encore” хувилбарыг гаргана гэж зарлахад фенүүд нь шинэ Свифттэй дахин уулзах боломж гарна хэмээн найдаж байлаа. Гэвч энэ нь бүдэрч унасан хэрэг гэхээсээ илүү бүрэн бус дамжуулалт болсон бололтой.
Энэ эдийн засгийн нөхцөлд тэрбумтан оддыг шүтэн бишрэх нь хэр зохистой вэ?
Свифт болон түүний шинэ цомог бол алдартнууд өөрсдийн хамгийн үнэнч фенүүдээсээ хүртэл урьд өмнөхөөсөө илүү холдож буйг харуулсан сүүлийн үеийн жишээ аж.
Түүний үеийн супер од Бейонсе цахим хуудсаараа дамжуулан “Bey Keeper Collection Box” нэртэй хязгаарлагдмал тоотой бүтээгдэхүүнийг 948.01 ам.доллароор худалдаанд гаргасан нь ч олны анхаарлыг татжээ.
Энэ нь Бейонсегийн винил цомгуудыг хадгалж, дэлгэн тавих зориулалттай хоосон хайрцаг бөгөөд хатуу нарс модоор гар аргаар хийж, лааны тосон өнгөлгөөтэй, дотор талыг нь гүн ногоон хилэнгээр бүрж, хиймэл матрын арьсан оосор, алтан тоноглолтойгоор бүтээсэн байна.
Зарим фен энэ үнийг өнөөгийн эдийн засгийн нөхцөлтэй нийцэхгүй гэж шүүмжилжээ. Учир нь олон хүн шатахууны мөнгө, өдөр тутмын хоол хүнсний зардлаа арайхийн зохицуулж байгаа үед ийм үнэтэй бүтээгдэхүүн худалдаалах нь бодит амьдралаас тасарсан мэт санагдсан байна. Үүний зэрэгцээ Свифтийн дотнын найз гэгддэг Эд Ширан ч мөн маргааны төвд оржээ.
Түүний аялан тоглолтын үеэр тоглолтын нээлтийн уран бүтээлчээр оролцож байсан реппер Маклемор тайзан дээрээс Палестиныг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн нь тэрбумтан бизнесмен Роберт Крафтын дургүйцлийг төрүүлсэн байна. Үүний дараа Крафт өөрийн цэнгэлдэх хүрээлэнд болох байсан тоглолтыг цуцалжээ. Харин эцэст нь цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан уг тоглолт дахин цуцлагджээ.
Свифтийн нэгэн адил Ширан ч фенүүддээ өөрийгөө тэдэнтэй адилхан, ойр дотно хүн мэт мэдрүүлж, асар их хайр хүндлэлийг хүлээж ирсэн. Харин энэ удаа Израиль, Газын асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэхээс татгалзсан нь олон фенийнх нь сэтгэлд хүрсэнгүй. Тэрбээр дараа нь тайзан дээр байр суурь илэрхийлээгүйдээ уучлал хүссэн ч энэ нь ч хангалттай санагдаагүй байна.
Өнөөдөр хүн бүрт таалагдахыг хичээх нь эцэстээ ихэнх хүний дургүйцлийг төрүүлэхэд хүрч болох аж. Ялангуяа мөстэй кофе авахаас эхлээд ажилд орох ярилцлага, дэлхийн өнцөг булан бүр дэх дайн хүртэл бараг бүх асуудлаар үзэл бодлоо идэвхтэй хуваалцдаг болсон залуу үеийнхний дунд энэ хандлага бүр ч тод мэдрэгдэж буй юм байна.
Эдгээр гурван одны “гайхамшиг” нь асар их хөрөнгөтэй, амьдралын нөхцөл нь жирийн хүмүүсээс тэс өөр ч фенүүддээ өөртэй нь адилхан, ойр дотно хүн мэт санагдаж чаддагт оршиж ирсэн.
Свифтийн жирийн нэг шүтэн бишрэгч дуртай дуучнаа муурнуудаараа хүрээлүүлэн унтлагын өрөөнийхөө шалан дээр сууж, гитараа тоглон, тэдний хайрладаг дуунуудаа зохиож байгаа дүр зурагтай төсөөлж чадна. Энэ холбоо нь маш хүчтэй учраас тэр өрөө дэлхийн хаа нэгтээ байдаг Свифтийн хэд хэдэн үнэтэй байшингийн аль нэгэнд байж болохыг түр мартдаг.
Харамсалтай нь, фенүүдтэйгээ ойр дотно байх тэр дүр төрхийг Свифт өөрөө бий болгосон ч өнөөдөр түүний амьдралын хэв маяг энэ холбоог улам бүр холдуулж эхэлжээ. Түүний NFL-ийн тамирчин Трэвис Келситэй үүсгэсэн хайр дурлалын харилцаа Нью-Йорк хотын Madison Square Garden-д хуримын баяраа тэмдэглэснээр дээд цэгтээ хүрсэн.
Тэрбээр АНУ-ын хамгийн алдартай цэнгэлдэх, арга хэмжээний газруудын нэгийг хэд хоногийн турш бүхэлд нь түрээслэсэн нь Свифт хэчнээн их сэтгэл хөдлөл, хүнлэг чанарыг харуулдаг байсан ч түүний амьдрал жирийн нэг фенийнхтэй ойролцоо ч биш гэдгийг дахин сануулжээ.
Мэдээж фенүүд нь түүний хувийн онгоц байдгийг мэддэг байсан. Гэхдээ мэдэх, нүдээр харах хоёр өөр зүйл. Дэлхий өөрчлөгдөж байна. Одоо бидний дунд байгаа баян, алдартай хүмүүс ч энэ шинэ нөхцөл байдалд өөрсдийн байр сууриа дахин ойлгож, түүндээ нийцүүлэх шаардлагатай болох нь.
Эх сурвалж: CNN