Найруулагч, жүжигчин Б.Тамирын бүтээсэн “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” түүхэн уран сайхны кино тун удахгүй зөвхөн SkyMedia-ийн платформоор үзэгчдэд хүрэхээр болжээ.
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 115 жилийн ойд зориулан бүтээсэн уг кино 2026 оны гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийж, кино театруудаар үзэгчдийн хүртээл болсон. Киноны зохиолыг Тодко Самсон буюу Т.Мягмартогтох бичиж, Б.Тамир найруулсан байна.
Тусгаар тогтнолын үнэ цэнийг өгүүлэх нь
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” нь Монгол Улсын тусгаар тогтнолын үндэс хэрхэн бүрэлдсэн, тухайн цаг үеийн төрийн зүтгэлтнүүд ямар сонголт хийж, ямар сорилт бэрхшээлүүдийг даван туулсныг уран сайхны хэлээр өгүүлэхийг зорьжээ.
Киноны танилцуулгад өнөөгийн Монголын тусгаар тогтнолын үндсийг хэн тавьсан, тэдний хувь заяа ямар байсан, тухайн үеийн ихэс дээдсийн гаргасан сонголт, түүний цаадах нууц болон золиос зэрэг үйл явдлыг хөндсөн талаар дурдсан байна.
Төслийн санхүүжүүлэгчдийн мэдээлснээр, уг бүтээлийг хийх гол зорилгын нэг нь шинэ үеийнхэнд Монголын түүхийг таниулж, эх орны тусгаар тогтнол ямар үнэ цэнээр бий болсныг ойлгуулах явдал байжээ.
Б.Тамир, Г.Эрдэнэбилэг нар анх удаа нэг бүтээлд
Киноны гол дүрүүдэд жүжигчин, найруулагч Б.Тамир, МУГЖ Г.Эрдэнэбилэг, Ардын жүжигчин С.Сарантуяа, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Б.Одончимэг, А.Ганчимэг, Э.Тодгэрэл зэрэг уран бүтээлчид тогложээ.
Тухайлбал, Г.Эрдэнэбилэг Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддоржийн, Б.Тамир Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг бүтээсэн байна. Энэ нь хоёр жүжигчний анхны хамтын бүтээлүүдийн нэг болжээ.
SkyMedia кино төсөлд хөрөнгө оруулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киноны дэлгэцийн бүтээл болох төсөлд SkyMedia корпораци хөрөнгө оруулсан байна. Тус компани 2017 оноос хойш 50 гаруй кино төсөлд хөрөнгө оруулж, Монголын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллаж ирсэн талаар мэдээлжээ.
Мөн уг кинонд Кино урлагийг дэмжих сангаас 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгосон тухай мэдээлэл бий. Хэдийнэ кино театруудаар үзэгчдийн хүртээл болсон “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” түүхэн уран сайхны кино энэ удаад SkyMedia-ийн платформд байршиж, илүү өргөн хүрээнд үзэгчдэд хүрэх нь ээ.