Холливудын жүжигчин Жонни Депп томоохон студийн шинэ бүтээлээр кино дэлгэцнээ эргэн ирж байна. Lionsgate компани Депп, Пенелопа Крус, Маделин Клайн нарын гол дүрд нь тоглосон “Day Drinker” триллер киноны анхны трейлерийг танилцуулжээ.
Тус киног “The Amazing Spider-Man”, “500 Days of Summer” зэрэг бүтээлээрээ танигдсан найруулагч Марк Уэбб найруулсан байна.
“Day Drinker” киноны үйл явдал хувийн дарвуулт завинд ажилладаг бармен бүсгүй болон нууцлаг зорчигчийн учралаас эхэлнэ. Маделин Клайны бүтээсэн бармен бүсгүй Жонни Деппийн тоглосон нууцлаг эртэй танилцсанаар тэдний амьдрал гэнэтийн байдлаар өөрчлөгдөнө.
Улмаар тэд Пенелопа Крусын бүтээсэн гэмт хэргийн ертөнцөд нөлөө бүхий эмэгтэйтэй холбогдож, гурван дүрийн өнгөрсөн амьдрал хоорондоо санаанд оромгүй байдлаар сүлэлдсэн болохыг олж мэддэг аж.
Шинээр цацагдсан трейлерт Жонни Депп буурал үстэй, нууцлаг дүр төрхөөр гарч ирэх бөгөөд түүний дүрийн өнгөрсөн амьдрал өшөө авалттай холбоотой байж болохыг харуулжээ. Гэхдээ түүний нууж буй нууц үүнээс ч илүү аймшигтай байж мэдэх нь.
Түүнчлэн трейлерт “сүнсний түүх” гэх ойлголтыг хөндсөн нь кино зөвхөн гэмт хэрэг, өшөө авалтын сэдвээр хязгаарлагдахгүй, нууцлаг болон ер бусын элементүүдийг үйл явдалдаа шингээсэн болохыг харуулж байна.
Жонни Деппийн Холливудын дэлгэцнээ эргэн ирэлт
“Day Drinker” нь Жонни Деппийг Холливудын томоохон студийн бүтээлд дахин авчирч буй төслүүдийн нэг юм.
Тэрбээр мөн Paramount студийн бүтээл “Ebenezer: A Christmas Carol” кинонд Чарльз Диккенсийн алдарт зохиолын гол дүр Эбенезер Скружийн дүрийг бүтээжээ. Тус кино 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.
Харин “Day Drinker” кино 2027 оны гуравдугаар сарын 26-нд дэлхийн кино театруудаар нээлтээ хийхээр товлогджээ.
Эх сурвалж: PARADE