Монголын улс төрийн намар эхлээд удаагүй байхад эрх баригч нам доторх зөрчил дахин олны анхаарлын төвд орлоо. Сүүлийн өдрүүдэд МАН-ын бүлэг дэх 30:38 гэсэн хуваагдлын тухай мэдээлэл эрчимжиж, Засгийн газрын зарим гишүүний асуудал ч энэ зөрчилтэй холбогдон яригдах болсон. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын бүлэгт 30:38 гэсэн албан ёсны хуваагдал байхгүй, дотоод талцал хуваагдал байх ёсгүй гэж мэдэгдсэн юм.
Албан ёсны нэршил, улс төрийн хүрээнд яригдаж буй хуваагдал хоёр өөр зүйл байж болно. Гэхдээ сүүлийн өдрүүдийн үйл явдал эрх баригч хүчний доторх байр суурийн зөрүүг ил болгосон нь маргаангүй. Үүний нэг тод жишээ нь Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон УИХ-ын зарим гишүүний хооронд өрнөж буй маргаан юм.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өнөөдөр "Л.Энх-Амгалан уучлал гуйхгүй гэж байгаа бол огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад дахин тавина" гэж мэдээлэл хийв.
Маргааны гол сэдэв нь “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээнд зориулан төсвийн тодотголд тусгасан 50 тэрбум төгрөгийн зарцуулалтын задаргаатай холбоотой Excel файл байв. Уг материалаас Хан-Уул дүүрэг дэх “Их засаг кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан гэх мэдээлэл ил болж, УИХ-ын зарим гишүүн үүнийг тодруулах болсон.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан уг Excel файлыг батлагдсан төсөв биш, хөтөлбөр боловсруулах явцад боловсруулсан ажлын материал гэж тайлбарласан. Түүний хэлснээр, улсын төсөв эцэслэн батлагдаагүй байхад тухайн файлыг эцсийн шийдвэр мэтээр ойлгуулах нь буруу бөгөөд уг материалыг улс төрийн зорилгоор ашигласан гэж үзжээ. Энэ байр сууриа илэрхийлэхдээ тэрбээр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний нөхөдтэй холбоотой хурц үг хэллэг хэрэглэж, тэднийг “Түгжилмаа” хэмээн нэрлэсэн.
Нөгөө талд УИХ-ын гишүүд төсвийн хэлэлцүүлгийн үеэр зардлын задаргаа, үндэслэлийг тодруулах нь парламентын хяналтын чиг үүргийн нэг гэж тайлбарлаж байна. Тэдний байр суурийн гол санаа нь Байнгын хороонд ирсэн материалаас асууж, тодруулсан үйлдлийг улс төрийн зохион байгуулалттай ажиллагаа мэтээр тайлбарлах ёсгүйд төвлөрч байгаа юм.
Ингэж нэг Excel файл тойрсон төсвийн асуудал богино хугацаанд парламентын хяналт, Засгийн газрын бодлогын хэрэгжилтээс давж, эрх баригч намын дотоод харилцааны маргаан болон хувирав.
Есдүгээр сарын 25-нд УИХ-ын гишүүн О.Номинчимэг Л.Энх-Амгаланд хандан УИХ ажлаа хийж, Байнгын хороо хяналтаа хэрэгжүүлж, төрийн албан хаагчид холбогдох материалыг боловсруулан хүргүүлсний төлөө тэднийг “төрийн хуйвалдаан”-д оролцсон мэтээр буруутгаж болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэрбээр асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцүүлж, холбогдох баримтыг олон нийтэд тодорхой болгоно гэж мэдэгдсэн билээ.
Л.Энх-Амгалангийн хувьд асуудлын гол нь батлагдаагүй төсвийн ажлын материалыг улс төрийн зорилгоор ашигласан явдал. Харин УИХ-ын зарим гишүүний хувьд гол асуудал нь төсвийн мөнгөний задаргаа, шийдвэрийн үндэслэлийг тодруулах парламентын хяналт. Энэ хоёр байр суурийг ялгаж харахгүйгээр асуудлыг зөвхөн “хэн хэнийг улс төрөөр цохиж байна вэ” гэсэн өнцгөөс тайлбарлавал анхны асуулт бүдгэрнэ.
Тэр асуулт нь маш энгийн. 50 тэрбум төгрөгийг яг юунд, ямар шалгуураар, ямар байгууллагад зарцуулахаар төлөвлөсөн бэ? Мөн 3.5 тэрбум төгрөгийн задаргаа ямар баримт бичигт туссан, тухайн Excel файл ямар статустай байсан, хэзээ боловсруулагдсан, ямар байгууллагаар дамжсан, эцсийн төсөвт уг санал хэрхэн туссан эсэхийг тодорхой болгох шаардлагатай. Эдгээрийг баримтаар тайлбарлаж чадвал өнөөдрийн улс төрийн маргааны гол зангилаа тайлагдана.
Энэ бүхний оронд нэгнээ “төрийн хуйвалдагч”, “Түгжилмаа”, “бүлэглэлийн гар хөл” гэх мэтээр нэрлэх тусам бодит асуудал арын эгнээнд шилжих юм.
Төгсгөлд өгүүлэхэд, маргааны цаана гурван тусдаа асуудал байна. Нэгдүгээрт, төсвийн тодотголд тусгасан 50 тэрбум төгрөгийн зарцуулалт. Хоёрдугаарт, УИХ-ын төсөвт тавих хяналт, Засгийн газрын зүгээс гаргаж буй тайлбар. Гуравдугаарт, эрх баригч намын доторх улс төрийн харилцаа.