Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өчигдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент” бодлогын хэрэгжилтийн хүрээнд Улсын Их Хурлын албан ёсны цахим платформыг шинэчлэх ажлын явцтай танилцаж, хэрэгжилт, хөгжүүлэлтийн чиглэлээр холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонсов.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга иргэдийн мэдээлэл авах үндсэн эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх нь ардчилсан засаглалын салшгүй зарчим болохыг онцолжээ.
Тэрбээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, хууль тогтоомжийн хүрээнд нийтэд нээлттэй байж болох мэдээллийг нэгдсэн стандарттай, хэрэглэгч төвтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрээр олон нийтэд хүргэх чиглэлээр ажиллахыг үүрэг болгосон байна.
Цахим системийн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоох үйл явцын үе шат бүрийг илүү нээлттэй, олон нийтэд ойлгомжтой, хянах боломжтой болгох бөгөөд УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалтын үр дүн, Байнгын хороо болон ажлын хэсгийн үйл ажиллагаа, хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, оролцоог дэмжих цахим механизмуудыг нэгтгэсэн дэвшилтэт мэдээллийн сан бүхий платформыг бүрдүүлэхээр ажиллаж буй аж.
Мөн нээлттэй өгөгдөл, цахим хүртээмж, мэдээллийн ил тод байдал нь парламентын институцид итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлж, төлөөллийн ардчиллын чанар, үр нөлөөг дээшлүүлэх чухал хүчин зүйл болохыг УИХ-ын дарга дурджээ.
Тэрбээр парламентын албан ёсны цахим платформыг орчин үеийн технологийн шийдэл, мэдээллийн аюулгүй байдлын шаардлага, хэрэглэгчийн туршлагын олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх нь төрийн цахим шилжилтийг дэмжихээс гадна парламентын үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэн бүрт бодит цагийн горимоор шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгосон байна.
Түүнчлэн энэхүү шинэчлэл нь “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй институцийн шинэчлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцолжээ.