Тайланд улсад болж буй “Miss Grand International 2026” олон улсын гоо бүсгүйн тэмцээний албан ёсны бүртгэлд Amber Yuhan гэх оролцогчийг “Mongolia” буюу Монгол Улсын төлөөлөгчөөр бүртгэж, Монголын төрийн далбаа болон “Mongolia” гэсэн туузтайгаар оролцуулж буй нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж буй.

Энэ асуудлаар топ модель, “ANDRA Academy”-ийн үүсгэн байгуулагч Х.Бадамгэрэл тэмцээний зохион байгуулагч “Miss Grand International” байгууллагад албан шаардлага бүхий цахим шуудан илгээж, Amber Yuhan-ыг Монгол Улсыг төлөөлүүлэх болсон эрх зүйн болон гэрээний үндэслэл, сонгон шалгаруулалтын журам, Монгол дахь үндэсний захирал болон лиценз эзэмшигчийн мэдээллийг ил тод болгохыг шаарджээ.

Түүнчлэн тэрбээр шалгалт тодорхой болтол Монгол Улсын нэр, төрийн далбаа болон “Mongolia” гэсэн туузыг ашиглуулахыг түр зогсоох, хэрэв төлөөлөх шаардлага хангаагүй нь тогтоогдвол холбогдох бүртгэлийг цуцлах зэрэг арга хэмжээ авахыг шаардсан байна. Мөн тус байгууллагаас ажлын таван өдрийн дотор нотлох баримтын хамт албан ёсны хариу өгөхийг хүсжээ.

Х.Бадамгэрэл салбарын сайдтай уулзжээ

Х.Бадамгэрэл уг асуудлаар өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдтай уулзсан талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Уулзалтаар зөвхөн энэ тэмцээний асуудлаас гадна Монгол Улсыг олон улсын гоо бүсгүйн тэмцээнүүдэд төлөөлүүлэх үйл явц, загварын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцохоо мэдэгджээ.

Мөн түүний мэдээлснээр, Гадаад харилцааны яамнаас Тайланд Улсын Өргөмжит консулд “Miss Grand International 2026” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Amber Yuhan-тай холбоотой асуудлаар албан бичиг хүргүүлж, нөхцөл байдлыг тодруулсан байна.

Монгол Улсад үндэсний шалгаруулалт явагддаг эсэх асуудал хөндөгдөв

Зарим хэвлэлд мэдээлснээр, Монгол Улсад “Miss Grand International” тэмцээний үндэсний сонгон шалгаруулалт зохион байгуулагддаггүй, Монгол Улсыг төлөөлөх эрхийг гадаадын загварын байгууллага эзэмшдэг гэх мэдээлэл гарчээ.

Мөн өмнө нь буюу 2022 онд Монгол Улсын нэр дээр өөр улсын гаралтай оролцогч оролцож байсан гэх мэдээлэл ч нийтлэгдсэн байна. Гэхдээ эдгээр мэдээлэлтэй холбоотой лицензийн нөхцөл, гэрээний баримт болон албан ёсны тайлбар одоогоор нийтэд бүрэн ил болоогүй байна.

Харин “Miss Grand International”-ийн албан ёсны цахим хуудаст 2026 оны тэмцээний Mongolia улсын төлөөлөгчөөр Amber Yuhan-ыг бүртгэсэн нь харагдаж байгаа аж.

Энэ асуудал нь нэг оролцогчийн асуудлаас гадна олон улсын тэмцээнүүдэд Монгол Улсын нэр, төрийн далбаа болон үндэсний төлөөллийн эрхийг ямар байгууллага, ямар шалгуур, ямар гэрээний үндсэн дээр ашиглах вэ гэсэн асуудлыг дахин хөндөж байна.

Х.Бадамгэрэл ч Монгол Улсыг олон улсын тавцанд төлөөлөх үйл явцыг илүү тодорхой болгож, төлөөлөгч сонгох шалгуур, лиценз эзэмшигч, төрийн бэлгэдлийн ашиглалттай холбоотой бүртгэл, хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.