АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцож байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг албан ёсоор зарлалаа.
Тэрбээр НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаарх Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улс “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэж үздэг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох гэсэн зарчмын байр суурийг баримталдаг.
Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм. Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.
Иймээс Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.