Gen Z буюу 18-29 насныхны дунд хийсэн шинэ судалгаагаар санхүүгийн хүндрэл нь болзох, романтик харилцаа үүсгэхэд нь томоохон саад болж байгаа аж. Судалгааг Playboy, Кинсигийн хүрээлэн болон эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн Julie брэнд хамтран 2300 гаруй хүнээс авчээ.
Судалгаанд оролцогчдын 39 хувь нь болзохтой холбоотой зардал секс, романтик харилцааны боломжийг нь хязгаарладаг гэж хариулсан бол 43 хувь нь санхүүгийн байнгын дарамт нь болзох харилцаанд ороход хүндрэл учруулдаг гэжээ.
Судлаачид үүнийг Gen Z-ийн дунд бэлгийн идэвх буурч буй хандлагын нэг хэсэг бөгөөд “сексийн хямрал” хэмээн тодорхойлсон байна. Гэхдээ энэ нь тэдний хүсэл сонирхол буурсантай холбоотой биш аж. Судалгаанд оролцогчдын 74 хувь нь бэлгийн дур хүсэл дунджаас өндөр, эсвэл маш өндөр гэж хариулжээ.
Харин 66 гаруй хувь нь хүнтэй танилцах боломж хомс, 60 хувь нь татгалзахаас нь айдаг гэж хариулсан байна. Болзоо, харилцааны аппликэйшн болон онлайн орчин энэ асуудлыг улам төвөгтэй болгож байна гэж судалгаанд дурджээ.
Оролцогчдын 20 хувь нь огт сексийн харилцаанд орж байгаагүй бол өмнө нь бэлгийн харилцаанд орж байсан хүмүүсийн 20 хувь нь 10 ба түүнээс олон хамтрагчтай байжээ.
Амьдралын нөхцөл ч нөлөөлж буй аж. Эцэг, эхтэйгээ хамт амьдардаг ганц бие хүмүүсийн гуравны хоёр нь сүүлийн гурван сарын хугацаанд бэлгийн хамтрагчтай байгаагүй байна.
Онлайн орчин бодит харилцааг орлож байна
Зарим залуус бодит харилцааны оронд цахим орчноос сэтгэл ханамж авах болжээ. Эрэгтэй оролцогчдын 34 хувь нь порно бодит амьдралын бэлгийн харилцааны хэрэгцээг нь бүрэн орлосон гэж хариулсан байна. Нийт оролцогчдын гуравны нэг нь заримдаа хамтрагчтай секс хийхээс илүү цахимыг сонгодог гэжээ.
Гэхдээ сексийн харилцаа цөөрч байгаа нь аюулгүй сексийн дадал нэмэгдсэн гэсэн үг биш аж. Судалгаанд оролцогчдын ердөө таван хүн тутмын нэг нь бэлгэвчийг байнга, эсвэл ихэнх тохиолдолд хэрэглэдэг гэжээ. Харин зургаан хүн тутмын нэг нь ямар ч хамгаалалт хэрэглэдэггүй гэж хариулсан байна.
Мөн оролцогчдын гуравны нэг нь үр хөндөлтөд хүрэх боломж хязгаарлагдмал байгаа нь сексийн харилцаанд орох сонирхлыг нь бууруулдгийг хэлжээ.
Судалгааг нийтэлсэн Playboy сэтгүүл Gen Z-ийн тухай дүгнэхдээ “Тэдэнд хүсэл бий. Харин түүнийгээ хэрэгжүүлэх зориг, хувийн орон зай, мөнгө дутагдаж байна” гэж бичсэн байна.
Эх сурвалж: PEOPLE