АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) өөрийн цахим сүлжээнд халдсан байж болзошгүй хэргийг шалгаж эхэлжээ. Учир нь, кибер гэмт хэргийн зартай бүлэглэл мянга мянган FBI-ийн ажилтны хувийн мэдээллийг хулгайлсан гэж мэдэгдсэн байна. Энэ хэрэг явдлын талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалж CNN-д мэдээлжээ.

FBI-ээс CNN-д өгсөн мэдэгдэлд, FBIjobs.gov цахим хуудсанд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх мэдээллийг мэдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар шалгаж байна гэжээ. Халдлагатай холбоотой асуудлыг шийдвэрлэх явцад тус байгууллагын ажилд орох өргөдлийн портал түр ажиллахгүй болсон байна. Тус сайтад “Тусгай агентын ажилд горилогчдын порталыг одоогий байдлаар ашиглах боломжгүй” гэсэн мэдэгдэл гарчээ.

FBI-ийн мэдэгдэл нь Shiny Hunters нэртэй хакерын бүлэглэл мягмар гарагт өөрсдийн далд вэб сайтад FBI-ийг хохирогч байгууллагаар нэрлэснээс хэдхэн цагийн дараа гарсан байна.

Тус бүлэглэл FBI-ээс тавдугаар сард нийтэлсэн зөвлөмжийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Уг зөвлөмжид FBI нь Shiny Hunters-ийн байгууллагуудыг сүрдүүлэн мөнгө нэхэхэд ашигладаг гэх арга тактикийг задлан шинжилсэн байна.

Хакерууд даваа гаргийн оройноос эхлэн FBI-ийн мэдээлэлд нэвтэрсэн гэж мэдэгджээ.

FBI-ийн тавдугаар сарын зөвлөмжид Shiny Hunters нь технологи, санхүү, жижиглэн худалдааны томоохон компаниудыг онилон, нэг удаагийн халдлагаар сая сая хэрэглэгчийн мэдээллийг хулгайлдаг гэж дурдсан байна.

Үүнээс хойш тус бүлэглэл эрүүл мэндийн салбарын хэд хэдэн томоохон байгууллагад халдсан нь дэлхийн эрүүл мэндийн салбарт ноцтой аюул учруулж байна гэж салбарын байгууллага анхааруулжээ.

Мөнгө нэхээгүй гэж мэдэгдэв

FBI-д халдсан гэх ажиллагааны эцсийн зорилго одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж. Хакерууд FBI-ийг цахим зөвлөмжөө устгах, эсвэл өөрчлөхийг шаардсан ч энэ удаагийн халдлага нь мөнгө олох зорилготой биш гэж мэдэгджээ.

АНУ-ын төрийн байгууллагууд хакеруудад барьцааны мөнгө төлөх нь түгээмэл биш аж. Энэ нь АНУ-ын хууль сахиулах байгууллагууд өөрсдийн мөрдөн шалгаж буй кибер гэмт хэргийн бүлэглэлүүдийн бай болж буй сүүлийн жишээ болсон байна.

Өнгөрсөн гуравдугаар сард FBI чагнах ажиллагаа болон тагнуулын хяналтын зөвшөөрлийг удирддаг эмзэг компьютерийн сүлжээндээ халдлага болсон байж болзошгүй хэргийг шалгаж байгаа талаар мэдээлж байв.

Мөн өнгөрсөн сард орос хэлээр үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй кибер гэмт хэргийн бүлэглэл АНУ-ын Хууль зүйн яамны Архи, тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын товчоо (ATF)-ноос хулгайлсан гэх эмзэг мэдээллүүдийг цахим орчинд тараасан байна.

Үүнээс гадна 2023 онд АНУ-ын Маршалын алба ransomware халдлагад өртөж, тус байгууллагын мөрдөн шалгаж байсан хүмүүсийн мэдээллийг "онилжээ". Тэр жил мөн Нью-Йорк дахь FBI-ийн салбарын хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой хэргүүдийг мөрдөн шалгадаг компьютерийн системд халдсан тохиолдол бүртгэгдэж байсан аж.

Эх сурвалж: CNN