Украины орчин үеийн хөгжмийн театрын Opera Aperta лабораторийн “Vox Humana” бүтээлийн дэлхийн анхны тоглолт Берлиний Нойкёльн дуурийн театрт болжээ. Латинаар “Хүний дуу хоолой” гэсэн утгатай уг бүтээлээр дуу хоолой дайны үед юу илэрхийлж болохыг, өөрөөр хэлбэл хашгирах, дуугүй байх, тайвшруулах, эсэргүүцэх, тэр ч байтугай поп дуу дуулах зэргээр эрэлхийлжээ.
Тоглолт өнөөгийн Киевийг 1933 оны Берлинтэй холбон, Украины ардын хөгжим, дууны туршилт, рок, техно болон “Евровидение”-гийн зохиомол хувилбарыг нэг бүтээлд нэгтгэсэн байна.
Бүтээл өнөөгийн Киевийн бөмбөгдөлтөд өртсөн дүрс, Украины уламжлалт хаврын дуугаар эхэлдэг аж. Улмаар дэлхийн нэгдүгээр дайнаас сэтгэлзүйн хүнд шархтай буцаж ирсэн герман-еврей дууны багш Альфред Вольфзоны түүх рүү шилждэг байна. Тэрбээр дайны үеийн үхэж буй цэргүүдийн хашгирааныг сонссоор байсан бөгөөд хүний дуу хоолойг эмчилгээний нэг хэлбэр болгон судалж эхэлжээ.
“Vox Humana” дайны тухай шууд баримтат өгүүлэмжээс татгалзаж, хүний дуу хоолой хэрхэн бие махбодын дуу авианаас нийгэм, улс төрийн илэрхийлэл болж хувирдгийг харуулдаг байна.

Бүтээлийн зохиогчид Киев, Берлиний оршин суугчдаас “Өнөөдөр театр юуг хэлэх ёстой вэ?”, “Украины уран бүтээлчдээс юу сонсохыг хүсэж байна вэ?” гэж асууж, тэдний хариултыг тоглолтдоо шингээжээ. Ингэхдээ Украины урлаг заавал дайны тухай эмгэнэлтэй өнгөөр ярих ёстой гэсэн хүлээлттэй ч тоглодог байна.
Гуравдугаар хэсэгт Украины уран бүтээлчид Германыг 2027 оны “Евровидение”-д түрүүлэхэд нь туслахаар шийдэж буй хошин, хийсвэр үйл явдал өрнөдөг аж. Тоглолтын гол дуу болох “Say Yes to No” нь эрх чөлөө, сонголт, энх тайван зэрэг ойлголтыг “байхгүй” гэх үгээр холбон өгүүлдэг байна.
Харин бүтээлийн гол асуулт нь “Дайн хэрхэн сонсогддог вэ?” гэсэн асуулт аж. Зохиогчдын хэлснээр, дайны хамгийн аймшигтай чимээ нь дэлбэрэлт, дуут дохио биш, харин нам гүм ажээ. Тухайлбал, нуранги дор дарагдсан хүний нам гүм, эсвэл дэлбэрэлт болохын өмнөх хүлээлтийн нам гүм.

Opera Aperta-ийн уран бүтээлчид дайны туршлага Украины уран бүтээлчдийн амьдралд маш гүн шингэсэн тул тэд дайны тухай шууд ярихгүй байсан ч бүтээлээс нь тэр мэдрэмж заавал илэрдэг гэж тайлбарлажээ.
Киевт 2020 онд байгуулагдсан Opera Aperta нь орчин үеийн академик хөгжим, Украины ардын хөгжим, электроник, дүрс бичлэг, перформансыг хослуулдаг аж. “Vox Humana” нь тус хамтлагийн Киевээс гадна анх удаа шинэ бүтээлээ толилуулсан тоглолт болсон байна.
Тоглолтын төгсгөлд уран бүтээлчид тайзан дээр унтаж хэвтэх бөгөөд дэлгэцээр Киевийн метроны буудалд агаарын цохилтоос хоргодон унтаж буй хүмүүсийн дүрс гардаг аж. Энэ нь дайны хажуугаар урлаг, хүний амьдрал, дуу хоолой хэрхэн оршин тогтнож байгааг харуулах төгсгөлийн бэлгэдэл болжээ.
“Vox Humana”-г Берлинд аравдугаар сарын 18-ныг хүртэл тоглох аж.

Эх сурвалж: DW