Олон улсын нөхцөл байдал тогтворгүй болж буй энэ үед Монгол, Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн шугамаарх харилцааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн талаар Тасс агентлаг мэдээлснийг бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна.
Москва, Улаанбаатар нийтлэг сорилт, аюул заналыг даван туулахын тулд хоёр улсын Аюулгүй байдлын зөвлөлийн шугамаарх харилцаа, холбоогоо өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Энэ асуудлыг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Александр Венедиктов Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажиллах үеэрээ хийсэн уулзалтуудынхаа үеэр хэлэлцсэн талаар ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас мэдээлсэн байна.
ОХУ-ын талын мэдээлснээр, олон улсын харилцаанд тогтворгүй байдал нэмэгдэж буйтай холбогдуулан хоёр улсын Аюулгүй байдлын зөвлөлийн шугамаарх харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба “Олон улсын харилцаанд тогтворгүй байдал нэмэгдэж буйг харгалзан хоёр улсын Аюулгүй байдлын зөвлөлийн шугамаарх харилцаа холбоог цаашид өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн.
Аюулгүй байдлын салбарт тулгарч буй нийтлэг сорилт, заналхийлэл, тэр дундаа бүрэн эрхт улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, тэднийг тогтворгүйжүүлэх гэсэн бүс нутгийн гаднах хүчний оролдлоготой холбоотой асуудлыг даван туулахад ийм яриа хэлэлцээг хөгжүүлэх нь онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн” гэж мэдээлжээ.
Олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцлов
Мөн Монгол Улстай олон улсын тавцан болон олон талт форматын хүрээн дэх хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолсон байна.
Үүнд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) болон БРИКС-ийн хүрээн дэх хамтын ажиллагаа багтаж байгаа талаар Оросын тал мэдээлжээ.
Уулзалтын үеэр олон улсын аюулгүй байдлын асуудал, Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал, Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон байна.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлснээр, Александр Венедиктовыг Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал хүлээн авч уулзжээ.
Мөн тэрбээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алтангэрэлийн Бямбажаргалтай аюулгүй байдлын асуудлаар хоёр талын зөвлөлдөх уулзалт хийсэн байна.
Эх сурвалж: TASS