УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Хууль зүйн салбарт олон үйл явдал болж байна. Заримыг нь сонсохоор сэтгэл сэртхиймээр, санаа зовмоор байна. Улс төрийн хэрэгсэл болж, янз бүрийн донсолгоо явагдахын цаана энэ салбарт, өөрөөр хэлбэл хуульт ёсонд иргэдийн итгэх итгэл улам муудаж байна. Энэ бол сайн зүйл авчрахгүй.

Ийм үед та сайдаар томилогдох гэж байна. Тиймээс та элдэв янзын бамбай, сэлэм болох гээд огт хэрэггүй. Анхнаасаа бамбай, сэлэм болно гэсэн хүмүүс энэ салбарыг сонин байдалд оруулчихлаа шүү дээ.

Иргэдийн хуульт ёсонд итгэх итгэлийг сэргээж, энэ нийгмийн зөрчилдөөнт байдлыг дэг журмын хүрээнд, хуульт ёсоор сахиулж хамгаалах л асуудал байдаг. Үүн рүүгээ анхаармаар байна гэж хэлмээр байна" гэв.