УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа энэ үеэр "Монгол Улсын парламент бол хууль тогтоох байгууллага. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүхий л салбарын бодлогыг тодорхойлж, хөгжлийг авчрах гол институц. Гэтэл өнөөдөр МАН-ын 30/38-ын бүлэг доторх байлдааны талбар болчихлоо.

Хүссэн үедээ орж ирдэг, хүсээгүй үедээ орж ирдэггүй байдал ажиглагдаж байна. Өчигдөр гэхэд л 30-ын тал нь орж ирэхгүй гээд сууж байсан. Гэтэл өнөөдөр яагаад ороод ирэв?

Би өмнө нь Засгийн газар бүрдэх үед Ерөнхий сайдаас энэ талаар асууж байсан. “Та хуулийн хүрээнд явагдах ёстой процессыг зогсоодог юм уу. Ямар нэгэн байдлаар дотоодынхоо авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүстэй ял наймаалцаад байгаа юм биш үү?” гэж асууж байсан.

Энэ асуултыг дахин асуумаар байна. Өчигдөрхөн орохгүй гэж байсан 30-ын тал өнөөдөр яагаад ороод ирэв? Та нар дахиад ял наймаалцчихсан юм биш үү?" гэв.