НЭМЭЛТ: 17.20 цаг

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо


Г.Тэмүүлэн: Хар тамхитай холбоотой асуудалтай маш хатуу тэмцэх ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлж, Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

МАН-ын 30/38-ын бүлэг уулзалдаж, ойлголцол хүрсэн тул чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнг тангараг өргүүлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

Засгийн газрын тэргүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох саналаа УИХ-д танилцуулж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Хууль зүйн салбарт хорт хавдар мэт болсон асуудлуудад бид хариулт өгөх ёстой. Хамгийн гол асуудал бол хар тамхитай холбоотой асуудал байна. Энэ талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан.

Үндсэндээ манай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ХЗДХЯ-наас ирүүлсэн асуудлуудыг үе шаттайгаар шийдээд явж байна. Бид 2025 оны намар яг энэ хар тамхитай холбоотой асуудлаар хэд хэдэн удаа хаалттай болон ил хуралдаж, холбогдох үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн. Тэгэхээр энэ ажлынхаа биелэлтийг шахаж шаардах, газар дээр нь хэрэгжүүлэх ажлыг үндсэн үүргээ гэж бодож байна.

Энэ асуудалд нэг мөр хатуу гараар тэмцэж, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй манай хуулийн байгууллагууд хатуу тэмцэх ёстой үзэж байна. Яагаад гэвэл хар тамхитай холбоотой гэмт хэрэг зөрчил жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэрэг 25 хувиар нэмэгдсэн байна.

Зөрчил 20 хувиар нэмэгдсэн байна. Үндсэндээ найман жилийн хугацаанд 2100 гэмт хэрэг 2000 гаруй зөрчил гарсан байна. Үүний 90 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа нь хамгийн харамсалтай. 

Өнгөрсөн хугацаанд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс 76 хүн амь насаа алдсан байна. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой, хүн амын эрүүл мэндтэй хамааралтай асуудал юм. 


-Төрийн бодлогын эцсийн шалгуур нь хүний эрхийг хэр хамгаалж байгаагаар хэмжигдэх ёстой. Аливаа төрийн бодлого хүртээмжтэй, тэр дундаа хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэдэг.

Өнөөдөр авлигал, ядуурал гэдэг зүйл ах дүү шиг хамтдаа явдаг. Тэгэхээр бид эдгээр асуудлыг бодлогын түвшинд анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн гол асуудал. Урьдчилан сэргийлэх талаас нь авч үзвэл, бүхний суурь асуудал яг хаана байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй.


-Хууль сахиулах байгууллагууд өөрсдөө хараат бус, бие даасан байх нөхцөлийг төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай. Энэ өөрөө улстөрждөг салбар биш. Тэр дундаа тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг, дотоод аюулгүй байдлыг хангадаг салбар учраас энэ салбарт ямар нэгэн байдлаар улстөржилт байх ёсгүй.

Нөгөө талдаа хараат бус, бие даасан гэдэг нь хяналтгүй гэсэн үг биш. Бүхий л хууль сахиулах байгууллагын түвшинд дотоод хяналтыг бэхжүүлэх нь үндсэн суурь асуудал болжээ.

Сая үүссэн асуудалтай холбогдуулан яамнаас ажлын хэсэг гаргаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх, буруугүй бол нэр төрийг нь хамгаалж, сэргээх шаардлагатай. Нөгөө талдаа энэ салбарт мэргэжлийн томилгоо зайлшгүй байх ёстой.


-Авлигатай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал бол үндсэндээ Хууль зүй, дотоод хэргийн яамны чиг үүргийн нэг. Тиймээс хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах асуудалд онцгой анхаарч ажиллана.

ХЗДХ-ийн яам бол бодлогын яам. Сайд гэм буруутай эсэхийг шийддэггүй. Хууль, шүүхийн байгууллагууд нотлох баримтад тулгуурлан хараат бусаар ажлаа хийх ёстой. Миний хувьд эдгээр үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, харин хариуцлагыг шаардаж ажиллана гэдгийг хэлье.


-Хуулийн засаглалыг бэхжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллах ёстой. Ялангуяа энэ чиглэлээр холбогдох хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай.

Түүнээс биш хүний нэр төрд халдах, хууль бус мэдээлэл тараах, хэн нэгнийг яллах, гутаан доромжлох явдал байж болохгүй. Шүүх эцэслэн шийдээгүй байхад хэнийг ч гэм буруутай мэтээр яллаж болохгүй. ХЗДХ-ийн сайдын хувьд эдгээр үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй.