Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг Батмөнх Даян хааны төрийн үйл хэрэг, улс орны эв нэгдлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулах зорилгоор “Далай бишрэлт Даян хаан” дуу бүтээж, дүрсжүүлэн олны хүртээл болгожээ.

Уран бүтээлийн нээлт өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нд Даланзадгад хотын Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд байрлах Батмөнх Даян хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолын үеэр болсон байна.

Түүхэн сурвалж, судалгаанд Даян хааныг 47 жил төр барихдаа Монголын дотоодын бутрал, зөрчлийг намжааж, улс орны нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн тэмдэглэдэг.

Түүний төрсөн нутаг хэмээн үздэг Өмнөговь аймагт Даян хааны түүх, төрийн үйл хэргийг судлах, хойч үед өвлүүлэн таниулах чиглэлээр олон ажил зохион байгуулж байна. Тухайлбал, аймгийн ИТХ болон Батмөнх Даян хааныг алдаршуулах нийгэмлэг хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахын зэрэгцээ Даян хааны нэрэмжит шагнал бий болгожээ.

Энэ удаа түүний түүхэн гавьяа, төрийн үйл хэргийг уран бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэх зорилгоор “Далай бишрэлт Даян хаан” дууг бүтээсэн байна.

Уг дууны шүлгийг Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, хөгжмийг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров зохиожээ. Дууг Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин Э.Цогтбаяр дуулж, дүрсжүүлсэн байна.

Даланзадгад хотын Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд сүндэрлэх Батмөнх Даян хааны хөшөөг 2013 онд түүний дурсгалыг хүндэтгэх, түүх, өв соёлыг хойч үед өвлүүлэн үлдээх бэлгэдэл болгон бүтээн босгожээ.