"Сахил хүртээд шал дордов" гэгчээр УИХ 126 гишүүнтэй болсон ч яг л урьдын адил бахь байдгаараа. Юу ч өөрчлөгдсөнгүй. Иргэдийн өмнө хүлээсэн үүргээсээ илүү дотоод зөрчилдөө анхаарч буй УИХ-ын гишүүдэд тавих ганцхан асуулт үлдэв: Та нар хэзээ ажлаа хийх вэ?

Монголын төрийн хамгийн том танхимд хууль хэлэлцэхээсээ өмнө хэн ирсэн, хэн ирээгүйг тоолдог, хуралдаанаа эхлүүлэхийн тулд гишүүдээ араас нь дуудаж гүйдэг дүр зураг дахин давтагдсаар байгаа нь эмгэнэлтэй.

126 гишүүнтэй Улсын Их Хурал есдүгээр сарын 21-ний 14.00 цагт нэгдсэн хуралдаанаа хийхээр товлосон боловч 15.16 цагийн байдлаар ердөө 57 гишүүн бүртгүүлж, ирц 45.2 хувьтай байсан тул хуралдаанаа эхлүүлж ч чадсангүй. 

Өмнө нь есдүгээр сарын 17-нд мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшилсон. Тухайн үед 126 гишүүнээс ердөө 52 нь бүртгүүлж, ирц 41.3 хувьтай байсан талаар УИХ-ын албан ёсны мэдээлэлд дурдсан нь бий.

Тэр өдөр УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдийн тангаргийг сануулж, улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолсон ч парламентын танхимын хоосон суудлууд энэ сануулгаас хүчтэй харагдав.

Ингэж харахаар өнөөдрийн асуудал ердөө “хэдэн гишүүн хуралдаа ирсэнгүй вэ” гэсэн тоон үзүүлэлтээс хэдийнэ хальжээ. Парламент өөрөө ажлаа хийх чадвартай байна уу, эсвэл улс төрийн дотоод тохироо, зөрчил, бүлэглэлийн асуудал төрийн институцийн үйл ажиллагааг гацаах хэмжээнд хүрэв үү гэдэг асуулт гарч ирэх нь зүй.

Сүүлийн өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлэг доторх 30:38-ынхны зодоон ширүүсч буй талаар улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж буй. Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ийм тоон хуваагдал байхгүй, нам дотор талцал, хуваагдал байх ёсгүй гэж мэдэгдэж, намаа "аврах"-ыг оролдсон. 

Бүр сонирхолтой нь, есдүгээр сарын 21-нд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал ирц бүрдүүлэхийн тулд орон нутагт ажиллаж байсан зургаа, долоон гишүүнээ дуудаж авчирсан, гадаадад томилолттой байсан зарим гишүүдээ мөн дуудаж байгаа талаар мэдэгдсэн.

Мэдсээр байж хуралдаандаа оролцохгүй байгаа гишүүдтэй намын дүрэм журмын дагуу ярина гэдгээ ч хэлсэн. Гэвч орон нутаг, гадаадаас гишүүдээ дуудаж авчрах хэмжээнд чармайсан гэх тайлбарын дараа ч 126 гишүүний ердөө 57 нь бүртгүүлсэн хэвээр үлдсэн нь асуудлыг бүр ч хурцатгав.

Хэрэв МАН дотор талцал, хуваагдал байхгүй юм бол ирц яагаад хүрэхгүй байна вэ? Хэрэв гишүүдийн хооронд шийдэгдээгүй улс төрийн асуудал байхгүй юм бол яагаад намын бүлгийн дарга гишүүдээ хуралдаанд суулгахын тулд орон нутаг, гадаад томилолтоос нь дуудаж авчрах шаардлагатай болов? Тэдэнд үнэхээр дотоод зөрчил, байр суурийн ялгаа байгаа бол түүнийгээ яагаад ил тод тайлбарлахгүй байна вэ?

Эдгээр асуултууд хариу нэхсэн хэвээр. Харин тодорхой байгаа нэг зүйл нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хоёр удаа дараалан ирцийн асуудлаар гацсан явдал.

Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа ийнхүү саатахад иргэд бухимдах нь аргагүй. Учир нь, парламентын хэлэлцэх асуудал бол улс төрчдийн хувийн асуудал биш. Энэ долоо хоногийн УИХ-ын албан ёсны тов, дараалалд төсөв болон бусад чухал хууль тогтоомжийн асуудлууд хэлэлцэхээр тусгагдсан.

Өөрөөр хэлбэл, танхимд суудал эзлэх эсэх нь зөвхөн тухайн гишүүний хувийн сонголт мэт харагдавч түүний цаана төрийн шийдвэр хүлээж байгааг ухаарах сөхөө ч байхгүй байгаа бололтой.

Хууль батлагдах ёстой. Төсөв хэлэлцэгдэх ёстой. Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлууд шийдэгдэх ёстой. Иргэдийн амьдралд шууд хамаарах эдийн засаг, эрчим хүч, нийгмийн асуудлуудын талаар парламент байр сууриа илэрхийлэх ёстой. Гэтэл эдгээрийг хэлэлцэх ёстой танхимд гишүүдийн суудал хоосон л байна.

Парламентын гишүүн гэдэг зөвхөн сонгуулийн үеэр иргэдээс санал авч, төрийн ордонд суудал эзлэх албан тушаал биш ээ. Төрийн шийдвэр гаргах эрх мэдлийг иргэдээс итгэл хүлээн авч хэрэгжүүлж буй л этгээдүүд.

Тэд улс төрийн байр суурийн зөрүүтэй бол тэр зөрүүгээ хэлэлцүүлгийн танхимд авчрах ёстой. Хууль, төсөв, томилгоотой санал нийлэхгүй бол эсэргүүцлээ илэрхийлэх ёстой. Өөр байр суурьтай бол санал хураалтаар байр сууриа хамгаалах ёстой. Харин ирцээр асуудлыг гацаах нь иргэдийн өмнө хүлээсэн төлөөллийн үүрэгтэй хэр нийцэж байна вэ гэдэг хариу нэхсэн асуулт болж байна.

УИХ-ын танхимд 126 суудал бий. Тэр 126 суудал бол улс төрчдийн хувийн өмч биш. Тэнд суух эрхийг Монголын иргэдийн өгсөн санал бий болгосон. Тиймээс нэг намын дотоод асуудал, фракц хоорондын зөрчил, албан тушаалын тохироо, улс төрийн байр суурийн ялгаа нь ямар ч нэртэй байсан эцсийн дүндээ төрийн ажлыг гацаах хэмжээнд хүрвэл тэр асуудлыг зөвхөн нам дотроо биш, олон нийтэд тайлбарлах шаардлагатай.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэх гэж С.Бямбацогт "үсээ зулгааж" байна. Учир нь, есдүгээр сарын 17-нд 52, есдүгээр сарын 21-нд 57 гишүүн ирж иргэдийг тохуурхсан явдал. 126 гишүүнтэй парламентын хувьд энэ бол үл тоож болохоор жижиг тоо биш.

Тэр тусмаа МАН-ын бүлэг дангаараа ирц бүрдүүлэх шаардлагатай нөхцөл үүссэн тухай мэдээлэл гарсан. Есдүгээр сарын 17-нд АН-ын бүлгийн 42 гишүүн гурван өдрийн завсарлага авсан.

Ийм үед ирц бүрдэхгүй байгаа нь бүр ч ноцтой харагдаж буй юм. Учир нь, парламентын олонхийг бүрдүүлж буй нам өөрийн гишүүдээ танхимдаа суулгаж чадахгүй байгаа дүр зураг харагдаж байна. Хэрэв энэ нь улс төрийн дотоод зөрчилтэй холбоогүй бол шалтгаанаа ил тод тайлбарлах хэрэгтэй. Харин үнэхээр дотоод зөрчил байгаа бол түүнийгээ иргэдээс нуух бус, улс төрийн хариуцлагаа өөрсдөө үүрч, шийдвэрлэх нь зүйтэй.

Өнөөдрийн асуудлыг зөвхөн МАН-ын 30:38 гэх яриагаар хязгаарлах нь учир дутагдалтай. Энэ бол түүнээс илүү том буюу Монголын парламентын институцийн хэвийн ажиллагааны тухай асуудал. Иргэдийн өгсөн мандатыг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай асуудал. Улс төрийн зөрчил төрийн ажлаас дээгүүр тавигдаж болох уу?

УИХ бол намын дотоод хурал биш. Аль нэг фракцын тохироо хийдэг өрөө ч биш. Тэнд Монголын нийт иргэдийн эрх ашгийг төлөөлсөн хууль тогтоох байгууллага ажиллах ёстой. Тиймээс МАН-ын дотор хэн нь хэнтэйгээ санал зөрж байгаа, хэн хэнийхээ саналыг дэмжихгүй байгаа нь эцсийн дүндээ хоёрдугаар асуудал. Харин тэр зөрчил нь парламентын ажлыг гацааж байгаа эсэх нь нэгдүгээр асуудал юм.

Өнөөдөр иргэдэд улс төрийн фракцын тоо хэрэггүй. “30 уу, 38 уу” гэдэг тооноос илүү тэдэнд ажилладаг парламент хэрэгтэй. Хуралддаг, иргэдийн төлөө ажилладаг парламент хэрэгтэй. Маргадаг бол маргалддаг, санал зөрдөг бол саналаа хэлдэг, шийдвэр гаргахдаа хариуцлагаа үүрдэг парламент хэрэгтэй.

Төрийн ордны танхимд хоосон суудал олон байх тусам иргэдийн төрд итгэх итгэлд асуултын тэмдэг нэмэгдэж буй. Харин улс төрчид хоорондоо зөрчилтэй байгаа бол тэр зөрчлөө нууж, ирцээр илэрхийлэх бус, олон нийтийн өмнө тайлбарлаж, улс төрийн аргаар шийдэх нь парламентын соёл байх учиртай.

Тиймээс УИХ-ын гишүүдэд “126 гишүүнтэй парламент яагаад 57 гишүүнтэйгээр хуралдахыг оролдож байна вэ?” гэдэг асуулт тавья. 

Иргэд фракцын дотоод тооцоо, улс төрийн тохироо, хэн хэнийгээ шахаж байгаа талаар эцэс төгсгөлгүй тайлбар сонсохыг хүсэхгүй. Тэдний хүсэж байгаа зүйл энгийн. Хуралдаа суу. Ажлаа хий. Шийдвэрээ гарга. Хариуцлагаа үүр.

Өнөөдөр парламентын танхимд дутагдаж байгаа зүйл зөвхөн ирц биш, харин иргэдийн өмнө хүлээсэн улс төрийн хариуцлага хаана байна вэ гэсэн асуулт юм. Тэр асуултын хариуг улс төрчид хэвлэлийн бага хурлаар бус, дараагийн чуулганы танхимд сууж байгаагаараа өгөх ёстой. 

Эс бөгөөс далдаганасан, далбаганасан, далжиганасан, аялдан дагалдсан, эрээ цээргүй, өөрсдийн ашиг сонирхлын төлөө нүдээ ухаад өгөхөд бэлэн, бас ямар ч айдасгүй, мэдлэггүй, арчаагүй гишүүдээр дүүрэн УИХ-ыг тараая. Тийм эрх нь бидэнд бий. 

Э.МАНДАХ